УИХ-ын намрын чуулган нээсэн даруйдаа нэгдсэн чуулганаа хуралдуулж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ талаар чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийхдээ бараг Засгийн газрынхаа 100 хоногийн тайланг тавьсан гэхэд болно. 2024 оны төгсгөлөөс нүүрсний үнэ унаж, экспорт хумигдан, төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн. Ийм нөхцөлд байгуулагдсан Засгийн газар 2025 оны төсөвт хэмнэлтийн тодотгол хийж, зардлыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулан, төр өөрөө бүсээ чангалснаар үнийн өсөлтийг сааруулж чадсан гэв. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоосноор хоёр сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өссөн, яам, агентлагийн орон тоог бууруулж, данхар төрийг цэгцлэх ажлыг эхлүүлснээ ч дурджээ. Ерөнхий сайдын онцолсноор “Гарааны 100 хоногтоо Засгийн газар овоорсон бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьсон” юм байна.
Улмаар 2026 оны төсвийг боловсруулахдаа 240 мянган иргэний саналыг шингээсэн, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах эхлэлийг тавьсан гэв. Уг төслөө тэрбээр “зөвшилцлийн” хэмээн тодотгосон юм. Гэвч УИХ-ын дарга түүнтэй санал нэгдэхгүй, татварын шинэчлэлийг “засвар төдий” хэмээгээд буй. Иймэрхүү “уянгын халил” ихтэй танилцуулга, тайлбарынх нь араас УИХ дахь АН-ын бүлэг төсвийн төслөөр завсарлага авлаа.