Намрын сэрүүн өдрүүд үргэлжилж, гэр хорооллын айл өрхүүд галлахгүй бол жиндүү хонох болжээ. Хэдийгээр галлагаа нэмэгдсэн ч түлш борлуулах цэгүүд хоосон байв. Харин өчигдрөөс нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулж эхэллээ. “Тавантолгой түлш” ХХК нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тн шахмал түлш худалдаанд гаргаж буйгаа мэдээлэв. Энэ өвөл гэрээт борлуулалтын нийт 400 цэг ажиллуулах бөгөөд өчигдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 17 цэгт, 85 тн, Баянзүрх дүүрэг 40 цэгт, 200 тн, Баянгол 40 цэгт, 65 тн, Налайх 14 цэгт, 70 тн, Хан-Уул 34 цэгт, 170 тн, Чингэлтэй 45 цэгт 225 тн, Сонгинохайрхан 111 цэгт, 555 тн шахмал түлш борлуулах юм байна.
Нөхцөл байдлын талаар “Тавантолгой түлш” ХХКиас тодруулахад “Гэ¬рээт газруудад шахмал түлш хүргэж эхэлсэн. Бид өнгөрсөн долоодугаар сараас шахмал түлш шинээр үйлдвэрлэсэн. Нөөцийн түлш биш. Нэг шуудай түлш 3750 төгрөг” гэв. Харин ирэх сарын 1-нээс хагас коксжсон нүүрс борлуулах бололтой. Нэг шуудайг нь 5000 төгрөгөөр худалдах гэнэ.
Энэ жилээс иргэд шахмал түлшийг гурван төрлийн сонголтоор худалдан авч болох аж. Тодруулбал, “Сайн” карт болон шинээр нэвтрүүлсэн HOTULA аппликэйшн ашиглан түлшээ худалдан авах боломжтой. Мөн ухаалаг утас, “Сайн” картгүй бол иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулаад авах юм байна. “Дижитал инфосек” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтан-Очир “Иргэд гар утсандаа HOTULA аппликэйшн татаж аваад, виртуал карт үүсгэх юм. Үүгээр түлш борлуулж буй 400 цэ¬гийн байршил, цагийн хуваарь, агуулахын үлдэгдэл зэргийг харж, хянах боломжтой. Мөн өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд харж, өрхийн хэрэглээгээ ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай” гэв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компанийнхан нийт 42 635 тн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг гал алдуулахгүй байхад анхаарсан гэнэ.
Ч.Болор