Манай улсад 2025 оны эхний найман сарын байдлаар 600 мянган жуулчин ирснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэгвэл энэ сарын эхний хагаст 16 мянга гаруй хүн нэмж зочилсноор жуулчдын тоо өдгөө 617 мянгад хүрээд байгаа аж. Өнгөрсөн оны аравдугаар сард 667 мянган аялагч ирснийг бодвол өнөөдрийн уг үзүүлэлт чамлахааргүй дүн юм.
Учир нь төрөөс жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт дэвшүүлэн, түүнийг нь аялал жуулчлалын компани, байгууллагууд дэмжин ажиллаж буй билээ. Үүний хүрээнд төр, хувийн хэвшлийнхэн хамтран өв, соёл, урлаг, үүх түүхээ харуулсан, олон улсын өдөрлөг, арга хэмжээг идэвхжүүлж, гадаадын нэртэй нөлөөлөгчдийг урьж, тэдний контент, сурталчилгаагаар дамжуулан эх орноо олон улсад таниулах ажлыг хийсээр байгаа.
Гэвч аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд зөвхөн сурталчилгаа бус, дэд бүтэц, үйлчилгээний чанарт түлхүү анхаарах хэрэгтэйг судлаачид хэлсээр ирэв. Жуулчид манай орны байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн соёл, түүхийн дурсгалт газруудад татагддаг ч дэд бүтэцгүйн зовлон, үйлчилгээний стандартын ялгаа зэрэг нь сул тал болсоор буй юм. Тиймээс зочлогсдын тоог тогтвортой өсгөхийн тулд өвлийн аялал жуулчлалыг ч мөн хөгжүүлж, олон улсын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, хил гаалийн үйлчилгээг хялбаршуулах зэрэг бодит алхам хийх шаардлагатай аж.
О.Оргилох