Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний найман сарын байдлаар 3828 бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 155 буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Аюулт үзэгдэл, осолд нийт 4018 хүн нэрвэгдсэнээс 222 нь амиа алдаж, 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин 2024 оны I-VIII сард 256 хүн амиа алдаж, улсад 29.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл ус, цаг уурын гаралтай үзэгдэл 101, геологийн гаралтай 48, биологийнх 22, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3657 удаа бүртгэгдсэн аж. Үүний 2948 нь ахуйн түймрийнх байв. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаатай холбоотой осол жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2022 оны эхний найман сард хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2577, 2023 оны мөн үед 2641 удаа гарсан бол өнгөрсөн онд 3111 болж нэмэгджээ. Түүнчлэн дээрх хугацаанд ой, хээрийн түймэр 227 удаа бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеийнхээс 136-гаар буюу 2.5 дахин өссөн дүн гэнэ. Сүүлийн 10 жилийн статистик мэдээнээс харахад ой, хээрийн түймэр 2015 онд хамгийн олон буюу 354 удаа гарчээ.
Ч.Болор