
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуу лав. Тус хорооны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргилын танилцуулсан мэдээллээс голлох “тоо”-нуудыг онцолж байна.
ХҮНСНИЙ НОГОО 24.2, МАХНЫ ҮНЭ 14.3 ХУВИАР ӨСӨВ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхнээс 8.8, өмнөх сарынхаас 1.6 хувиар тус тус өссөн байна. Үүнд хүнс, орон сууц, боловсрол, зочид буудал нийтийн хоолны үнэ голлох нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүн дундаа махны үнэ 14.3, хүнсний ногоо 24.2 хувь өссөн байна. Мөн орон сууцын түрээсний үнэ 37 орчим хувиар өссөн нь оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой аж. Түүнчлэн цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өсөхөд нөлөөлжээ. Боловсролын үйлчилгээний төлбөр ч мөн нэмэгдэж, 12.8 хувиар өссөн байна. Их, дээд болон хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн үнэ үүнд голлох нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад их, дээд сургуулийн нэг кредит цагийн төлбөр 20-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэнэ.
ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ “ЦОЙЛОВ”
Mөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 44.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 их наяд төгрөг буюу 6.5 хувиар өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 2.8 их наяд буюу 13.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
ГАДААД ӨР “ГААРЧЭЭ”
Улсын нийт гадаад өр энэ оны II улиралд 39.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 тэрбум ам.доллар буюу 12.7 хувь, өмнөх улирлынхаас 4.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллароор өссөн байна. Улсын нийт гадаад өр ийн өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 тэрбум, Засгийн газрын гадаад өр 824.5 сая ам.долла¬роор тус тус өссөн нь нөлөөлжээ.
157 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЛЭЭ Монгол Улс дээрх хугацаанд нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 9.2, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбумын ашигтай гарчээ.
ҮНДСЭН ЦАЛИНГИЙН ДУНДАЖ 2.4 САЯ ТӨГРӨГ
Улсын хэмжээнд энэ оны II улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 728 000, голч цалин 2 356 000, харин үндсэн цалингийн дундаж 2 468 000 төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 105.9 мянган төгрөг буюу дөрвөн хувиар нэмэгджээ.
ТӨМС “ТАНСАГ” ХЭРЭГЛЭЭ БОЛОХ УУ
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэм¬жээнд наймдугаар сарын байдлаар 156.5 мянган тонн хадлан хадаж, 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хурааж, таван мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 60 мянган тонн буюу 62.1, хураасан хүнсний ногоо 2.8 мянган тонн буюу 13, гар тэжээл 1.9 мянган тонн буюу 60.6 хувиар тус тус өссөн бол хураасан төмс 7.2 мянган тонн буюу 43.4 хувиар буурчээ.
Ч.Болор