УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өчигдөр нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ажиллаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцсан байна. Жилд нэг удаа авдаг байсан төрийн албаны шалгалтыг улирал болгон явуулдаг болгон өөрчилсөн. Үүний дагуу энэ оны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр явуулсан аж.
Орон даяар зэрэг эхэлсэн уг шалгалтад нийт 4043 иргэн бүртгүүлсэн юм байна. Төрийн ал баны ерөнхий шалгалтын нөөцөд сүүлийн гурван жилд 16 215 иргэн бүртгүүлснээс 31.5 хувь нь ажилтай болсон. Ер нь уг шалгалтад оролцогчдын 93 хувь нь төрийн албанд ажиллах, үлдсэн нь өөрийгөө сорих зорилготой байдаг гэнэ. УИХ-ын зүгээс төрийн албыг шинэчлэх бодлого баримталж, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга, хөндлөнгийн нөлөөлөлгүй болгож, бүрэн цахимжуулжээ.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн болон гишүүдэд нөөцөд бүртгэгдсэн иргэдийг сул орон тоонд томилох ажлыг бодит болгоход анхаарахыг хүслээ.
С.Уул