Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах болон Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай хоёр журмыг баталсан байна. Уг бүсэд бүртгүүлсэн компаниуд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлүүлэх боломжтой аж. Мөн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгох нь. Тухайлбал, олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд болон хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох юм байна. Түүнчлэн зээлийн батлан даалт гаргах, хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх боломжтой.
Ийм бүс байгуулах нь технологийн хөгжлийг хурдасгах, уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна. УИХ-аас 2024 оны зургаадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Үүний хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс аж.