Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ. Манай улс “Парис 21” байгууллагад хамтран ажиллах хүсэлт илгээсний дүнд уг төслийг хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх таван орны нэгээр сонгогдсон байна. Үүний хүрээнд салбарын сайд тус байгууллагын Өгөгдөл ба хиймэл оюун хариуцсан бодлогын ахлах шинжээч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий статистикчийн ахлах зөвлөх Франсуа Фонтенью, Дэлхийн банкны Хөгжлийн өгөгдлийн хэлтсийн дарга Оливье Дуприз, “Google” компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Прем Рамасвами нарыг хүлээн авч уулзаж, хиймэл оюуныг статистикийн мэдээллийг боловсруулахад албан ёсоор ашиглахаар болжээ.
Дээрх төслийг энэ сарын 16-наас эхлүүлж, 2026 оныг дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдал, өгөгдөл, платформ ба дэд бүтэц бэхжиж, хүний нөөцийн чадавх, засаглал сайжирна гэж талууд үзэв. Төслийг хэрэгжүүлэхдээ суурь үнэлгээ хийж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, өгөгдлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, дата тархаах автоматжуулалтын шийдлийг хөгжүүлэх, мета “бааз”-ыг сайжруулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах, ил тод байдлыг хангах зэрэг ажлыг үе шаттай хийхээр болжээ.
М.Гэгээ