Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газар, “Тавантолгой түлш” ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГаас анхааруулж, өчигдөр мэдээлэл өглөө. Тухайлбал, ганцхан хоромд гал, угаарын хий бүхнийг авч оддог учир өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байх, мөн ил задгай асгасан үнс нурам болон цахилгаан хэрэгсэл, утасны аюулгүй байдлыг хангах, янданг төмөр хамгаалалттай байлгах, пийшин, зуух хэт халахаас сэргийлэх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэлээ базаахыг албаныхан зөвлөсөн юм.
Учир нь он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1909 дуудлага бүртгэгджээ. Үүний дагуу онцгой байдлын алба хаагчид иргэд, аж ахуйн нэгжийн 253 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, 2600 гаруй хүний амь аварчээ. Гэсэн ч гал түймрийн улмаас иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 18 иргэн түлэгдэн, 17 хүн амиа алдсан байна. Гал түймрийн 67 хувь нь гэр хорооллын бүсэд гарч, шалтгаан нөхцөлийн 50 гаруй хувийг яндангийн цонолт, пийшин, зуухны ажиллагаа, цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас үүджээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувиар өссөн. Тиймээс гал түймэр, угаарын хийн хордлого, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор “Дөрвөн асуудал нэг шийдэл” аяныг жилийн турш хэрэгжүүллээ. Түүнчлэн галлагааны улирал эхлэхтэй зэрэгцүүлэн өдгөө “Сэргийлье, хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, иргэдэд “Яндангаа хөөлье”, “Галлагаа эхэллээ”, “Цахилгааны аюулгүй байдлыг хангая”, “Өрхийн аюулгүй байдлыг хангая” гэсэн уриан дор айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл, хяналт шалгалт, заавар зөвлөмж хүргэхээр болсон” гэсэн юм.
О.Оргилох