“Coachella” урлагийн наадмыг АНУ-ын Калифорни мужийн Индио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах юм. Эл наадмыг поп, панк-рок, k-pop зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг 150 гаруй хамтлаг, дуучин өнгөлөхөөр болжээ. Тухайлбал, АНУ-ын дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од Жастин Бибер, Колумбийн уран бүтээлч Кароль Жи тэргүүтэй уран бүтээлчид ирэх оны “Coachella”-г чимэх аж. Мөн панк-рок урсгалын домог гэгддэг уран бүтээлч Игги Поп болон “The strokes” болон БНСУ-ын алдарт “Bigbang” хамтлаг зэрэг урлагийн тайзнаас хэсэг хугацаанд хөндийрсөн уран бүтээлчид ч энэ үеэр нэгэн тайзнаа гарах юм. “Bigbang” хамтлагийн хувьд энэ нь тэдний дебют хийсний 20 жилийн ойн хүрээнд хийж буй томоохон тоглолт гэнэ. Ташрамд дурдахад, “Coachella” бол урлагийн ертөнцөд тод гялалзах оддыг нэгэн тайзнаа цуглуулдгаараа онцлогтой наадам билээ.
Э.Сүйлэн