Жанжин Сүхбаатарын талбайд маргааш 38 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломж тохиодог билээ. Улс орон, хот болгон тус тусын номын баяртай, өөр өөрсдийн онцлог арга, хэлбэрээр зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, дэлхийн хамгийн том, эртний Номын баяр бол Франкфуртынх бөгөөд жил бүрийн аравдугаар сарын дундуур болж, таван өдрийн турш номын хорхойтнууд чуулдаг байна.
Франкфуртын номын баярт дэлхийн 100 орчим орны 7000 гаруй зохиолч, хэвлэлийн газар, менежер гэх мэт хүн оролцдог аж. Энэ үеэр шинэ номын танилцуулга, лекц, уншлага, яриа болж, алдарт зохиолч, яруу найрагч нар уншигчидтайгаа уулзалт хийдэг. Номын баярын үеэр гардуулдаг хамгийн нэр хүндтэй шагнал нь тэр жилдээ герман хэлээр хэвлэгдсэн шилдэг романд олгодог “Германы номын шагнал” (Deutscher Buchpreis) гэнэ.
1971 онд үүссэн Лондоны номын баяр бол зохиолчийн эрх, контент худалдаа, түгээх дэлхийн хэмжээний талбар бөгөөд хэвлэмэл, аудио, телевиз нэвтрүүлэг, кино гээд бүх төрлийн контент энд зарагддаг. 50 жилийн дотор энэ баяр дэлхийн хэвлэлийн хамгийн том үйл явдлын нэг болж өргөжжээ. Жил бүр 30 мянган хүн ирдэг энэ баяр нь зохиолч, яруу найрагч, хэвлэлийн газруудын менежер, зохиолчийн эрхийн мэргэжилтнүүд цугларч, дэлхийн утга зохиолын чиг хандлага, хэвлэлийн салбарын ирээдүйн талаар ярилцаж, контент худалдаа, наймаа хийдэг гол талбар болжээ. Бага хурал, семинар, лекц, шинэ ном танилцуулга, шагнал гардуулах гээд маш олон арга хэмжээ зохиогддог.
Хуучин номын хорхойтнууд Нью-Йоркийн Парк-авеню дахь Арсенал хэмээх хуучин барилгад жил бүр цуглардаг. Энэ баяраар маш ховор ном, гар бичмэл, газрын зураг, түүхэн баримт бичиг, дурсгалт зүйлс гээд маш олон хуучны эд зүйлс гарч ирдэг. Ном төдийгүй урлаг, дизайн, шинжлэх ухаан, анагаах ухаан, түүх, хувцас загвар, хөгжим, гүн ухаан гээд маш олон салбарыг хамарна. Баяраар зарагдах эд зүйлс, номыг дэлхийн хэмжээний эрдэмтэн, судлаачид үзэж сонгодог тул хуурамч зүйл авна гэж санаа зоволтгүй. Шинжээчид бүх хуучны номыг зохиолч, хэвлэлийн газар, хэвлэсэн он гээд бүх намтартай нь үнэн зөв тогтоодог. Харин үнэ нь гайхал төрүүлнэ. Зарим хуучны ном 50 сая ам.доллар хүрдэг байна.
Л.Ням