Монголын анимейшний холбооныхон “Nomadia pictures”-тэй хамтран энэ сарын 20, 21-нд “Анимо 2025” фестивалийг зохион байгуулах гэж байна. “Skywing” цогцолборт болох тус өдөрлөгт Монголын болон гадаадын 100 орчим уран бүтээлч, 20 гаруй студи, мөн Японы алдарт “Nippon design academy”-ынхан оролцох гэнэ. Энэхүү фестивалийн үеэр үзэгч, сонирхогчид дэлхийн шилдэг анимейшнүүд хэрхэн бүтсэнийг уран бүтээлчдээс нь сонсохоос гадна туршлага солилцох уулзалт, семинар, мастер класс, косплэй уралдаан, анимо авард зэрэг арга хэмжээнд оролцох боломжтой аж.
Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ ч цөөнгүй бий. Тэднийг дуртай анимэ дүртэй нь уулзуулах, хамтдаа дүр бүтээх агшин бэлэглэхээс гадна дэлхийн шилдэг богино үзвэрүүдийг толилуулна. Түүнчлэн “Ghibli studio”, “Netflix”-ийн “Aurеlien ressencourt”, “Arcane” зэрэг брэнд бүтээл дээр ажилласан шилдэг анимэторууд Монголд ирж, туршлагаа хуваалцах юм.
Хүүхэд, залуусын даган дуурайдаг, Монголын косплэй урлагийн төлөөлөгч Chinbalus буюу Б.Чинбат ч мөн оролцох юм. Тэрбээр “World cosplay summit”-д эх орноо төлөөлж, олон удаа оролцсон туршлагатай. Хэдхэн хоногийн өмнө Германд зохиогдсон “Dota 2 TI-2025 cosplay contest”-ээс “Best mransformation” шагнал хүртээд буй түүний хуяг дуулга төрлийн бүтээлүүд нь дэлхийд үнэлэгдэх болсон билээ.
Өнөө жилийн “Анимо 2025” фестивалийг анимэ зураг хөгжүүлэгчдэд урам зориг, санаа сэдэл өгөх зорилготойгоор олон улсын түвшний арт директоруудыг нэг дор цуглуулж буйгаараа онцлогтой. Энэ үеэр чөлөөт уран бүтээлчид анимэ зургуудаараа үзэсгэлэн гаргах аж. Түүнчлэн Японы алдарт анимэтор Арита Мацухиро “Иллюстраци бүтээх арга”, Татэно Китоми “Японы анимейшн салбарын өнөөгийн байдал”, Сатонака Мачико “Мянганы гоо зүй ба техник” сэдвээр сургалт явуулж, панел хэлэлцүүлэг өрнүүлэх нь.
М.Гэгээ