Тээврийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн хамтран зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой олон улсын модуль сургалтыг өнгөрсөн бямба гарагт анх удаа зохион байгууллаа. Зам, тээврийн ослын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар танилцуулсан эл сургалтад тус дүүргийн “Өнөр” цогцолбор сургуулийн 2500 гаруй суралцагч хамрагдсан байна. Ингэхдээ явган болон унадаг дугуйтай зорчигч аюулгүй байдлаа хэрхэн хангаж замын хөдөлгөөнд оролцох, аюул осол гарсан үед ямар арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой талаар орлон тоглогчдын тусламжтай бодитоор харуулсан гэнэ. Мөн сургуулийн насны хүүхдүүдийг замын хөдөлгөөний дүрэмд сургах, зам, тээврийн ослыг бууруулахад чухал ач холбогдолтой сургалт болсон тухай эцэг, эхчүүд онцоллоо.
У.Цэцэг