ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзоригоор ахлуулсан хээрийн судалгааны багийнхан 108-115 сая жилийн өмнөх үед хамаарах цул толгойт хэмээх үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворыг Дундговь аймгийн нутгаас илрүүлсэн билээ. Тэгвэл тэд энэхүү судалгааны ажлаараа, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Nature” эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ сарын 17-нд өгүүлэл хэвлүүлсэн байна. Ингэснээр манай улсын палентлогичид 60 орчим жилийн дараа уг сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлээд буй юм.
Тэдний илрүүлсэн олдвор нь гавал болон биеийн хэлхээ яснаас бүрдэх бөгөөд 80 см орчим урттай, 5.85 кг жинтэй, өвсөн идэшт цул толгойт үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр аж. Геологийн цаг хугацааны хувьд энэхүү үлдвэр нь цул толгойт үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төрөлд тооцогдож буй. Толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөнөөрөө бусдаасаа ялгардаг юм байна.
Мөн энэ төрлийн үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц өнөөг хүртэл бүрэн судлагдаагүй, тодорхойгүй байсаар иржээ. Учир нь цул толгойтын чулуужсан үлдвэр барагтай бол олддоггүй бөгөөд дэлхийн хамгийн ховор үлэг гүрвэлүүдийн нэг гэнэ.
У.Сүрэн