Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг төрд авах талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус байгууллагын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Стратегийн ордуудын 34 хувийг төрд эзэмшүүлэх шийдвэр гадаадын хөрөнгөоруулагчдын итгэлийг алдагдуулж, эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй” хэмээнанхааруулсан юм. Тэрбээр “Стратегийн ач холбогдолтой ордыг төрийн эзэмшилд хүчээр авах бус, тусгай зөвшөөрөлтэй компаниудтай харилцан зөвшилцөх ёстой. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард байр сууриа бүрэн илэрхийлж, нэгдсэн шийдэлд хүрэх нь эл ордуудын ашиглалтад тогтвортой байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой. Энэнь нэг талаас улсын төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг баталгаажуулна. Нөгөөтээгүүр компаниудын бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгөоруулалтын орчныг сайжруулах боломжтой.
Стратегийн ордуудыг зохистой ашиглах бодлогын үндсэн зорилго бол компанийн эрх ашгийг харгалзан үзэж, салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн үр өгөөжийг бодитой нэмэгдүүлэн, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах юм” хэмээв.
Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүн, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат “Монгол Улсын эдийн засгийн 30, дам нөлөөгөөр 70 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай. Гэтэл ийм эмзэг үед тооцоололгүй том шийдвэр гаргаж болохгүй. Ер нь уул уурхай дагасан бизнесүүд өргөжихөд гадаадын хөрөнгөоруулалт маш чухал. Мөн стратегийн ордуудын 34 хувийг төр эзэмшихээс илүү хүн бүрд нээлттэй биржээр арилжвал ирээдүйд банкны системтэй өрсөлдөхүйц хүчирхэг хөрөнгийн зах зээл бий болно” гэлээ.
У.Сүрэн