УДЭТ болон Монголын зохиолчдын эвлэл хамтран “Утга зохиолын долоо хоног” арга хэмжээг энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Утга зохиолын долоо хоногийн хүрээнд өдөр бүр өөр агуулгатай олон төрлийн үйл ажиллагааг УДЭТ-ын өмнөх талбайд зохион байгуулах юм. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, уншигчдын уулзалт, Төрийн соёрхолт зохиолч Д.Намдагийн уран бүтээлийг сурталчлах өдөрлөгөөс эхлээд жүжгийн зохиол бичих сургалт явуулах аж. Мөн Монголын яруу найргийн гурван үеийн онцлогийг уран бүтээлчдийн дуу хоолойгоор дамжуулан залуу уншигч, сонирхогчдод хүргэх өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Түүнчлэн зохиолч, уран бүтээлчдийн дугуй ширээний ярилцлага, жүжгийн зохиолчдын улсын уралдааны шагнал гардуулах ёслол болох юм.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, залууст уран зохиолоор дамжуулан үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд шинэүеийн залуусыг уран зохиолд татан оролцуулах томоохон хөшүүрэг болж буйгаараа онцлогтой юм.
У.Сүрэн