НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хуралдаан өнгөрсөн даваа (есдүгээр сарын 22- нд) гарагт Нью-Йорк хотноо Ерөнхий Ассамблейн танхимд эхлэв. Уг арга хэмжээ залуучуудын “Singfor Hore” хамтлаг болон Метрополитен-оперын дуучид, төгөлдөр хуурч Дэвид Уоткинс, удирдаач Тильман Михаэль нарын тоглолтоор эхэлсэн байна. Гэхдээ Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бербок “Өнөөдөр баярын өдөр биш, харин түүхийн сургамжийг эргэн харж, итгэл найдварын замыг дахин олох агшин юм” гэж хэлээд тус байгууллага үүсэн бий болсон ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг сануулсан аж.
“Улс орнууд балгас нурам дунд байв. 70 сая гаруй хүн амиа алдсан байлаа. Хүний амьдралын нэгэн үеийн хугацаанд дэлхийн хоёр дайн тохиов. 72 улсын газар нутаг одоо хэр колонийн байдалд байна. Энэ бол 80 жилийн өмнөх манай гариг юм” гэж тэрбээр хэлжээ.
Түүний хэлснээр 1945 оны зургаадугаар сарын 26-нд НҮБ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь түүхийн хамгийн бараан хуудаснаас хүн төрөлхтөн ямар сургамж авсны нотолгоо байжээ. “Энэ бол биднийг диваажинд хүргэх биш, харин үзэн ядах хүч, тэвчишгүй амбиц биднийг там руу чангаахыг хэзээ ч үл зөвшөөрөх үүрэг юм” гэж Бербок мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ дэлхий дахин өнөөдөр шинэ эмгэнэлт явдал, сорилттой тулгарч байгааг анхааруулжээ. “Бид Газад нурсан балгас дундаас хоол унд хайх өнчин хүүхдүүдийг харж байна. Украинд дайн үргэлжилсээр. Суданд хормойн хүчирхийлэл үйлдэж байна”.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш олон улсын энэ хамтын нийгэмлэгийн эхэн үеийн ажилтнуудыг дурсаж хэлэхдээ “Тэд хүн төрөлхтөн хийж чадах муу бүхнийг, үхлийн лагерийн аймшиг, өршөөлгүй дайн, газрын хөрснөөс арчигдсан хотуудыг үзсэн. Чухам тиймээс энхийн үйлсэд зүтгэхээр шийдсэн юм. Энхийг эрхэмлэх нь гэнэн бодол болох тухай ташаа төсөөллийг сөрөн, энх тайван гэдэг нь бүхнээс хамгийн зоригтой, хамгийн амьдралтай, хамгийн чухал тэмүүлэл гэдгийг тэд мэдэж байжээ” гэж хэлсэн байна. “Жирийн иргэд цохилтод өртөж, олон улсын эрх зөрчигдөж, ядуурал, өлсгөлөн нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт байгалийн сүйрлийг авчирч, НҮБ-ын зарчим айхтар сорилттой нүүр тулгарч байна. Үүний зэрэгцээ дэлхийн хамтын нийгэмлэг хагарал, хуваагдлын замаар явж байна. Энэ бүхнийг даван туулахын тулд НҮБыг хамгаалаад зогсохгүй түүнийг бэхжүүлэх ёстой” хэмээн Гутерриш мэдэгдлээ. “Хамтаараа ажиллах нь урагш ахих цорын ганц зам юм. Энх амгалан байлгах амлалтаа ажил хэрэг болгоцгооё” хэмээн тэрбээр эцэст нь уриалав.
2021 оны Нобелийн шагналт Мария Ресса 80 жилийн өмнө НҮБ-ын дүрэм “Фашизм мэдээллээр мэхэлж, үнэнийг гуйвуулж, хоморголон хядах, дэлхийн дайн дэгдээхээ зөвтгөхийн тулд бүхэл бүтэн ард түмнийг хүмүүн бус болгож байснаас хойш эмгэнэлт байдлыг давтуулахгүй байх амлалт” байсныг сануулав. Түүний үзэж буйгаар хүн төрөлхтөнд одоо худал хуурмаг юм баримт нотолгооноос илүү хурдтай түгэх болсон байна. Тэрбээр мэдээллийн шударга байдал бол бүх тулааны эх. Түүнд ялбал бид бусдад нь ялна, ялагдвал бүх¬нийг алдана хэмээн онцолжээ. НҮБ-ын гүйцэтгэсэн үүргийн талаар Нобелийн шагналт, Либерийн Ерөнхийлөгч асан хатагтай Элен Жонсон-Сирлиф, Норвегийн Ерөнхий сайд хатагтай Груд Харлем Брундтланд нар өөр өөрсдийн бодлыг хуваалцсан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил тутам IXXII сард хуралдаж хүн төрөлхтөнд тулгараад буй асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Энэ жилийн 80 дугаар чуулган нь есдүгээр сарын 9-нөөс эхэлсэн. Чуулган нь гишүүн улсуудаа нэгтгэх зорилготой байдаг ч тухайн үед дэлхий дахинд тохиолдож буй үйл явдлууд энэхүү ажиллагаанд нь нөлөөлсөөр ирж. Энэ жилийн хувьд Украины эсрэг Оросын өдөөсөн дайн, Газын зурвас руу Израилын хийсэн довтолгоон нөлөөлж байна.
Ассамблейг нэг жилийн хугацаатай сонгогддог дарга удирдаж, нээж, хаана. Одоогийн чуулганыг Германы Гадаад хэргийн сайд асан хатагтай Анналена Бербок даргалж байна. Өнөөдрийн байдлаар санал шүүмжлэл өрнөж, ирэх даваа гарагт дуусна.
Жил бүр190 гаруй улсын удирдагчдыг НьюЙорк хотноо цуглуулдаг Ерөнхий Ассамблей 1945 оноос эхлэн түүхийн явцыг тодорхойлдог, түүхэнд ер бусын үйл явдал болж үлддэг олон шийдвэр гаргах талбар болсоор ирсэн юм. Чуулган дээр сонирхолтой явдал мэр сэр гарч байсны заримаас өгүүлье.
Ассамблейн дэгээр нэг хүн 15 минут ярих ёстой байдаг ч илтгэгчид ихэнхдээ энэ хугацааг хэтрүүлдэг аж. Кубийн удирдагч асан Фидель Кастро 1960 оны есдүгээр сарын 26-нд 4.5 цаг (269 минут) ярьсан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес 2006 онд хүү Жорж Бушийн дараа үг хэлэхдээ “Өчигдөр энд чөтгөр ирсэн юм сан, өнөөдөр энд хүхэр ханхалсаар л байна” гэсэн нь чуулганы түүхэнд хамгийн их эш татагдах болсон аж.
Палестиний чөлөөлөх байгууллагын удирдагч Ясир Арафат 1974 онд анх удаа чуулганы индэр дээр гараад “Би өнөөдөр нэг гартаа чидун жимсний навч, нөгөө гартаа эрх чөлөөний төлөө тэмцэгчийн зэвсгийг барьж ирлээ. Навчийг гараас минь битгий алдуулаарай” гэж хэлснийг өнөө ч дэлхий дахин мартаагүй байна.
Ливийн удирдагч Муаммар Каддафи 2009 онд 100 орчим минут үг хэлэхдээ Аюулгүйн зөвлөлийг ширүүн шүүмжилж “Аюулгүйн зөвлөл биш алан хядах зөвлөл” гэсэн байна.
Угандын Ерөнхийлөгч Иди Амин 1972 онд Британийн Ерөнхий сайд Эдвард Хитийг магтаж байснаа түүнийг Адольф Гитлертэй санамсаргүй зүйрлэснээ хожим нь түүнээ залруулж, “Би Черчиль гэж хэлэх гэсэн юм. Хит Черчильтэй төстэй” гэжээ.
Дональд Трамп хоёр жилийн дотор АНУ-ын аль ч засаг захиргаа хийгээгүй ажлыг амжууллаа гэж 2018 онд мэдэгдсэнд танхимд байсан бүгд инээлдэв. Энэ байдлыг анзаарсан Трамп “Би та бүхнийг ингэнэ гэж бодоогүй, гэхдээ зүгээр, гэмгүй” гэжээ.
Малайзтай зөрчилдсөнөөс Индонез 1965 онд НҮБ-аас гарах тухайгаа мэдэгдсэн анхны улс болжээ. 2018 онд Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Жасинда Ардерний гурван сартай хүүхэд чуулганы хамгийн залуу оролцогч болж байжээ.
“COVD-19”-ийн улмаас 2020 онд Ерөнхий Ассамблей түүхэндээ анх удаа цахим хэлбэрээр болсон байна.
Исланд улс 1952 онд Ерөнхий Ассамблейд модон алх өгснөөр дарга нь түүгээр цохиж чуулган нээдэг, хаадаг болжээ. 1960 онд Ирландын дипломатч Фредерик Боланд Никита Хрущевийн дууг намжаах гэж оролдож байгаад алхыг хугалж орхижээ. Исланд дахин алх бэлэглэсэн ч 2005 онд учир битүүлгээр алга болсон аж.
Түүх сөхвөл: НҮБ-ыг үүсгэн бий болгох санаа Дэлхийн II дайны явцад Гитлерийн эсрэг эвслийн орнуудад төрж “НҮБ” гэх нэрийг 1942 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ, Британи, ЗСБНХУ, Хятад улсын төлөөлөл гарын үсэг зурсан Тунхаглалд анх хэрэглэжээ. НҮБ-ыг үүсгэн бий болгоход түүнд 51 улс орсон байсан бол одоо тусгаар тогтносон бараг бүх улс буюу 193 орон гишүүн нь болоод байна. Монгол Улс 1961 онд 101 дэх гишүүн нь болсон байдаг.
Гол байгууллага нь болох Ерөнхий Ассамб¬лей, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах салбарт хамтарч ажиллах зарчмыг тогтоон, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, Олон улсын шүүхийн гишүүдийг сонгох болон дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Тусгай чуулганыг Аюулгүйн зөвлөлийн шаардсанаар ямар ч асуудлаар хийж болно. Аюулгүйн Зөвлөл 15 гишүүнтэй, тав нь (ОХУ, АНУ, Англи, Франц, Хятад) байнгынх, бусад 10-ыг нь дүрэмд зааснаар сонгоно.
НҮБ-ын бусад бүтцүүдэд үйлчилж байдаг Нарийн бичгийн дарга нарын газарт нь 37.5 мянган хүн ажилладаг, түүнийг таван жилийн хугацаагаар томилдог, нэг удаа улирах эрхтэй Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлдэг. Энэ албыг Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улсын иргэн хашдаггүй.
НҮБ-ын бүрэлдэхүүнд Олон улсын шүүх, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Шуудангийн захиргаа гэх мэт өөрийн чиг үүрэгтэй салбар байгууллагуудаас гадна туслах чанартай Дэл¬хийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сан (ЮНИСЕФ), Атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ), ЮНЕСКО гэх байгууллагууд бий.
НҮБ-ын албан ёсны хэл нь англи, франц, орос, испани, хятад, араб юм. Дүрэмд нь бүх гишүүн тэгш эрхтэй, олон улсын маргаантай асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх, олон улсын харилцаанд хүчээр түрээ барих, түүнийг ямар нэг хэлбэрээр ашиглах нь НҮБ-ын зорилгод нийцэхгүй, аливаа улсын дотоод хэрэгт хамаарах үйл явдалд оролцохгүй байх үндсэн зарчмыг тусгасан байдаг.
НҮБ нь энхийн үйлсийн, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, тусламж үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд тохиолдсон байгалийн гамшгуудаас 2004 оны эцсээр Энэтхэгийн далайд есөн баллын хүчтэй газар хөдөлж, 10 метр өндөр, цагт 500 километр цагийн хурдтай цунами үүсэж, 217 мянган хүн амь үрэгдэж, 51 мянган хүн сураггүй болсон нь хамгийн их сүйрэл учруулсан гэж үздэг. Үүнд НҮБ шуурхай арга хэмжээ авч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ аюулд өртсөн орнуудад ажиллах өөрийн тусгай элчээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Клинтоныг томилж байжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 177 улсад төсөл хэрэгжүүлж, Дэлхийн банк 100 гаруй оронд санхүү, техникийн тусламж үзүүлж иржээ. 2001 онд Энхийг эрхэмлэгч хүчин нь Нобелийн шагнал хүртсэн байна.
НҮБ-ын нэр санхүүгийн зарим дуулиан шуугиантай хэл амд холбогдсон явдал ч бий. Тэдний нэг нь Иракт туслах “Хүнсээр нефть солих” хөтөлбөрт Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны хүү Кожо Аннан холбогдсон байдаг. Бан Ги Мунийг Ерөнхий нарийн бичгийн дарга байхад санхүүгийн дэмжлэгийг нь алдахгүйн тулд Саудын Арабт буулт хийсэн нь ихээхэн шүүмжлүүлсэн байна. Бан Ги Муний хэлснээр бол дайн байлдааны үед хүүхдүүд амиа алдсанд буруутай улсуудын нэрсийн жагсаалтаас нэрийг нь хасахгүй бол мөнгө өгөхгүй хэмээн хаант улс НҮБ-д дарамт шахалт үзүүлжээ. Түүнчлэн 2010 онд НҮБ-ын цэргүүд Гаитид холер өвчин дэгдээсний улмаас 2012 онд 8.5 мянган хүний амь үрэгдсэн аж.
Р.Жаргалант