Эх орондоо хүний амь бүрэлгэн зугтаж манай улсад орогнож байсан өмнөд хөршийн иргэнийг өчигдөр ГИХГ-ынхан албадан гаргалаа. БНХАУын иргэн Ли Шиү Фэн (Li Xue Fen) гэгч нь 2010 онд өөр хүний нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрсэн аж. Манай улсад ирмэгцээ хилээр нэвтэрсэн баримт бичгээ устган, хууль бусаар оршин сууж байсныг ГИХГ-ынхан хяналт шалгалтаараа илрүүлсэн байна. Улмаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас тухайн хүний талаарх мэдээллийг тодруула¬хад бусдын амь насыг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн болох нь тогтоогджээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Ли Шиү Фэнд холбогдох зөрчлийг шийдвэрлэн, Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон нислэгээр хууль сахиулах байгууллагынхан өмнөд хөршийн холбогдох албаныханд хуяглан хүргэж өгөв.