Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл Италийн Милан хотод зохион байгуулсан хурлынхаа үеэр “Парис 2024” зуны олимпын наадамд оролцсон туршлагад үндэслэн, ОХУ болон Беларусийн паспорт эзэмшигч тамирчдыг “Төвийг сахисан бие даасан тамирчин” (AIN) статусаар өвлийн олимпод оролцуулах шийдвэр гаргав.
“Парис 2024” олимпод спортын 10 төрлөөр ОХУ, Беларусийн паспорт эзэмшигч 32 тамирчин AIN статусаар оролцож, талбайд болон гадна талд ямар нэгэн зөрчил гараагүй нь уг туршлагыг баталгаажуулсан юм. AIN статустай болох тамирчдад дараах шаардлагуудыг тавьж буй. Үүнд, ОХУ, Беларусийн паспорттой бол зөвхөн ганцаарчилсан төрөл оролцоно. Дайныг илт дэмжсэн тамирчид болон дэмжигч багийн гишүүд олимпод оролцох эрхгүй. Цэргийн болон аюулгүй байдлын байгууллагатай гэрээтэй тамирчдыг оролцуулахгүй. Түүнчлэн AIN тамирчид бусдын адил олимпын бүх дүрэм, ялангуяа сэргээшийн эсрэг шаардлагыг мөрдөх аж. Бүх тамирчид Олимпын хартийн “Энх тайвны эрхэм зорилгыг” хүндэтгэх тухай амлалтыг багтаасан оролцох нөхцөлийн баримтад гарын үсэг зурна.
AIN eligibility review panel (AINERP-AINийн шалгуурыг шалгах самбар) хэмээх гурван гишүүнтэй хороо байгуулагдан тамирчдын эрхийг шалгаж, урилга олгох бөгөөд зөрчил илэрвэл ОУОХ-ны сахилгын комисст шилжүүлэх юм. Түүнчлэн AIN статустай тамирчдыг медаль хүртсэн тохиолдолд “Парис 2024”-д ашиглагдсан далбаа, дууллыг хэрэглэнэ. Нээлтийн ёслолд AIN багийн жагсаалд алхахгүй. Тэдний хүртсэн медаль улс орнуудын албан ёсны медалийн хүснэгтэд орохгүй. Харин тэдэнд тусгай боломж олгогдоно. Хаалтын ёслолд оролцуулах асуудлыг тоглолтын үеэр шийдвэрлэх гэнэ.