“Artemis II” хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сараас өмнө хэрэгжүүлнэ гэж АНУ-ын сансрын агентлаг НАСА-гаас мэдээллээ. Хүн төрөлхтний түүхэн дэх сансар огторгуйн дараагийн нэгэн том алхам болох “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд сар луу 50 жилийн дараа анх удаа жолоодлогот нислэг үйлдэх гэж буй нь энэ гэв.
“Space launch system” зөөгч пуужин болон “Orion” хөлгийг ашиглан сансрын нисэгчдийг сарны тойрог замд хүргэнэ. Нислэгт сансрын нисэгч Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Хаммок Кох, Жереми Хансен нар багтжээ. Тэд сарыг тойрон нисэж, гадаргуу дээр буухад шаардлагатай систем, технологийг туршина гэж НАСА-гийн Хөгжлийн албаны дэд захирал Кэтрин Кёрнер хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Artemis II зөвхөн сансрын нисэгчдийг авч явахгүй, дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүний нэрийг тээж, хүн төрөлхтний хамтын аяллын бэлгэдэл болно” хэмээн нэмж мэдэгдэв. Учир нь тус байгууллагынхан олон нийтэд зориулан нэрээ бичүүлж, уг нислэгийн үеэр сарыг тойрон аялуулах боломжийг олгожээ. Ингэснээр иргэдийн нэрсийг бичсэн бичил чипийг “Orion” хөлгөөр хамт тээвэрлэх бөгөөд энэ нь НАСА-гийн олон арван жилийн турш хадгалж ирсэн уламжлалын нэг хэсэг аж.
О.Оргилох