Олон улсын ахмадын өдрийг угтан “Ахмад настны эрхийн талаарх амлалтаа бэхжүүлье” хэлэлцүүлэг ГХЯ-нд өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт ХЭҮК болон холбогдох яамд, “Эмнести интернэшнл”, “Хүний эрхийн хөгжил төв” зэрэг байгууллагынхан оролцов. Ахмад настны эрх, насжилтын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн форумын үр дүнд гарсан, Улаанбаатарын уриалгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын ахмад настны эрхийг хамгаалах амлалтыг бататгах, НҮБ-ын шинэ конвенцын хэлэлцүүлэгт ахмадуудын үр нөлөөтэй оролцоог хангах талаар санал бодлоо солилцсон байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 20202025 оны зургаадугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1172 ахмад бүртгэгдсэн байна. Тэдний 1120 нь эмэгтэй, 52 нь эрэгтэй аж. Тэдний 860 нь сэтгэл санааны, 196 нь эдийн засгийн, 115 нь бие махбодын, нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
2050 онд дэлхийн ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэж, 1.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Энэ үед ахмад настнуудыг нийгмийн идэвхтэй оролцогч, хувь нэмэр оруулагч гэж үнэлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, асаргаа сувилгааны хүртээмжийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатайг ХЭҮК-оос онцолсон. Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Ахмад настны эрхийг хангах асуудал зөвхөн нийслэлд бус, орон нутагт илүү хүндрэлтэй. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ хүрэлцээгүй нь ахмадуудын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг. Хүн бүр наснаасаа үл хамааран хүндлэгдэж, бүх эрхээ бүрэн эдлэх боломжтой байх ёстой. Энэ нь зөвхөн ахмад настанд төдийгүй нийгмийн тогтвортой хөгжилд оруулах эерэг хөрөнгө оруулалт” гэв.
Ч.Туяа