БНХАУ-ын Ханжөү хотод бүс нутгийн шилдэг старт-ап төслүүдийг шалгаруулах “Makers in China” тэмцээний эхний шатны шалгаруулалт болж өндөрлөлөө. Хоёр үе шаттай зохиох тус тэмцээнд манай улсаас оролцсон, цахим баримт бичгийн “E-Geree” системийн баг “Digital eco-nomy” төрөлд шилдэг гурван төслийн нэгээр шалгарч, цомын эзэд болсон байна. Ингэснээр тэд ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ. Хэрэв төгсгөлийн шатанд ялалт байгуулбал Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
“Makers in China”-д Монгол, Казахстан, Узбекистан, Тажикстан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартап компани өрсөлдөж буй аж. Нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шилдэг гарааны төсөлд нийт хагас тэрбум гаруй төгрөгийн грант олгох талаар cn.chinadaily.com-д мэдээлжээ. Үүнээс гадна Ханжөүд төслөө бүртгүүлж, бизнесээ эхлүүлэхээр шийдсэн гадаадын старт-ап компанид хотын засаг захиргаа болон хөрөнгө оруулагчдаас 2.3 хүртэлх тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох гэнэ.
Ташрамд дурдахад, 2025 оны улсын уралдааны инновацын шилдэг төслөөр E-Geree.mn шалгарсан бөгөөд бүсийн хэмжээнд ийнхүү өндөр амжилт үзүүлсэн нь салбарын экосистемийн хөгжилд түлхэц боллоо хэмээн мэргэжилтнүүд онцлов.
О.Оргилох