Монгол эрдэмтэд хамгийн эртний цул толгойт үлэг гүрвэлийн олдвор илрүүлж, дэлхийн палеонтологийн салбарт шинэ нээлт хийсэн билээ. Тэд энэхүү судалгааны үр дүнгээ шинжлэх ухааны нэр хүндтэй “Na¬ture” сэтгүүлд саяхан нийтлүүлсэн юм. Судалгааны багийн ахлагч, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуулийн Биологийн шинжлэх ухааны сургуулийн зочин судлаач, доктор Ц.Чинзоригтой ярилцсанаа хүргэе.
-Цул толгойт үлэг гүрвэлийн олдворыг хэзээ, хаанаас, хэрхэн илрүүлсэн талаараа эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс 2019 оны зургаадугаар сард зохион байгуулсан хээрийн судалгаа, шинжилгээний ажлын үеэр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Түрүү цэрдийн Хүрэн дух (125-110 сая жилийн өмнө) хэмээх газраас энэхүү олдворыг илрүүлсэн. Хээрийн судалгаанд надаас гадна манай хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч Б.Майнбаяр болон эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Буянтэгш, Окаямагийн шинжлэх ухааны сургуулийн үлэг гүрвэл судлаач, доктор Р.Такасаки, Фукушимагийн музейн палеонтологич, доктор Ж.Ёошида нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Олон улсын судлаачдын хээрийн хамтарсан судалгааны баг ихэвчлэн 10-18 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгэхээр бид харьцангуй цөөхүүлээ ажилласан гэсэн үг.
Бид Хүрэн дух олдворт газарт зургаадугаар сарын 13-ны үдээс хойш очсон л доо. Манайхан маргааш нь өглөөний цайгаа уучхаад тухайн жилийн хамгийн анхны хээрийн эрэл хайгуулын ажилдаа гарсан. Харин би хээрийн тэмдэглэлээ эхлүүлэх санаатай бусдаасаа хожуу хөдөллөө. Ингээд кемпийн урд хэсгээс эрлээ эхлүүлэв. Тэгтэл 10-15 минутын дараа ойролцоогоор 20-25 метрийн зайд нэг шаргал зүйл байгааг олж харсан юм. Эхэндээ би чулуу юм байлгүй гээд нэг их тоолгүй эрлээ үргэлжлүүлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа өнөөх шаргал зүйлийг арай өөр өнцгөөс харахад их содон санагдсан. Эргэн тойронд адил төстэй зүйл байгаагүй учраас их тод, содон харагдсан байх. Очоод үзэхэд өнөөх шаргалтаад байсан зүйл завацефаль ринпочи буюу анхны цул толгойт үлэг гүрвэлийн толгой байв. Ингээд бид толгойн эргэн тойрныг сайтар ажиглаж, боломжит бүх мэдээллийг баримтжуулж авсан. Улмаар завацефаль ринпочигийн эрүү, дал, бугалгын яснууд, аарцаг, хойд мөчний элементүүд, хэлхээтэй сүүл, гэдэсний чулууны бөөгнөрөл, чулуужсан шөрмөсний хэсгүүдийг илрүүлсэн. Олдворыг хурдас чулуулгаас нь салгах техник боловсруулалтын ажлыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан, ахлах препаратор Ч.Баярдорж 2020-2022 онд гардан боловсруулж, судалгаа явуулахад бэлэн болгосон юм.

-Цул толгойт гэж нэрлэсний учир юу вэ?
-Пахицефалозавр буюу бидний хэлж заншсанаар цул толгойт үлэг гүрвэлүүдийн бүлэгт хамаарах анхны төрөл, зүйлийг Канадын палеонтологич Л.М.Ламбэ 1902 онд нээсэн түүхтэй. Тэрбээр бүрэн бус хадгалагдсан гурван үлэг гүрвэлийн толгойн хэсгийн ясны олдворыг шинжилсний үндсэнд Stegoceras validus хэмээх шинэ төрөл, зүйлийг тогтоожээ. Дараа нь Америкийн палеонтологич Ч.В.Гилморь 1924 онд энэ төрөл, зүйлд хамаарах цул толгойн хэв шинж бүхий гавал болон их биеийн ясны олдворыг судлан, анхны тодорхойлолтыг нь шинэ өгөгдлөөр баяжуулсан байдаг. Ингэснээр эл бүлгийн тухай ойлголтыг улам нарийвчлан судлахад маш чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Үүнээс хойш энэ бүлгийн 17 төрөлд хамаарах 19 зүйлийн үлэг гүрвэлийг илрүүлсэн нь гарал үүсэл, морфологийн өвөрмөц онцлогийг тайлбарлахад чухал баримт болсон.
Пахицефалозаврууд нь өвсөн идэшт үлэг гүрвэлийн бүлэгт багтдаг бөгөөд духны оройн хэсэг нь бөмбийж хөгжсөнөөсөө бусдаасаа онцлогтой. Энгийнээр хэлбэл, харь гаргийн биет дуулга өмссөн юм шиг духны орой нь хэт бөмбийсөн бүтэц нь уг амьтны дух болон зулайн ясны хувьсал хөгжлийн үр дүнд бий болсон гэж үздэг. Бүрэн бус хадгалсан цул толгойт нь Ази болон Умард Америкийн хожуу цэрдийн галавын цаг үеийн хурдас давхаргаас ихэвчлэн олддог.
Өдий хүртэл илрүүлсэн олдворуудын бүрдэлд тулгуурлан гаргасан мэдээллээр бол энэ бүлгийн үлэг гүрвэлүүдийн биеийн төрх байдал нь өвсөн идэштний хэв шинжийг агуулсан навч хэлбэрийн жижиг шүднүүдтэй, бахим цул толгой, хэт өргөн аарцагны яс, хүчирхэг хөгжил бүхий хөл болон шөрмөсөөр хучигдсан сүүлтэй. Мөн хойд хоёр хөл дээрээ явдаг байж. Бас нас бие гүйцсэн бодгаль нь ойролцоогоор 4.3 метрийн урттай, хоёр метрийн өндөртэй, 360-400 кг жинтэй байсан гэж үздэг.
-Монголын нутгаас олдсон цул толгойт үлэг гүрвэлийн олдвор нь палеонтологийн шинжлэх ухаанд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Цул толгойт үлэг гүрвэлийн хамгийн эртний төлөөлөгч Монголын говиос олдсон нь энэ бүлгийн үлэг гүрвэлүүдийн судалгааны түүхэнд шинэ хуудсыг нээж өгч буйгаараа чухал ач холбогдолтой.
Уг судалгааг хэвлүүлэхээс өмнө дэлхийд ил болсон энэ бүлгийн хамгийн эртний төлөөлөл нь Монголын говийн Хожуу цэрдийн түрүү цаг үе буюу одоогоос 95 сая орчим жилийн өмнөх хурдаснаас олдсон байдаг. Түүнчлэн хамгийн сүүлийнх нь Умард Америкийн Хожуу цэрдийн хожуу цаг үе буюу ойролцоогоор 66 сая жилийн тэртээх хурдаснаас тогтоогдсон. Харин шинэ судалгааны үр дүнд Монголын говийн Түрүү Цэрдийн галавын (одоогоос 110 сая жилийн өмнө) хурдаснаас илэрсэн эл олдворыг шинжлэх ухаанд бүртгэсэн нь өмнө нь тогтоогдож байсан цаг хугацааны заагийг даруй 14 сая жилээр урагшлуулж байгаа юм. Энэ нь зөвхөн Монголын палеонтологийн судалгааны цар хүрээг тэлээд зогсохгүй, пахицефалозаврын бүлгийн хувьслын гарал үүслийг дахин авч үзэхэд чухал түлхэц болсон.

-Дэлхийн хэмжээнд хамгийн ховор үлэг гүрвэл гэгддэг юм билээ.
-Ер нь энэ бүлгийн үлэг гүрвэлийн судалгааны түүх тэртээ 1902 оноос эхлэлтэй. Гэвч эдгээр үлэг гүрвэлийн яс дэлхийн хэмжээнд маш ховор олдоцтой. Тиймээс зарим судлаач эл төрөл зүйлийг учир битүүлэг үлэг гүрвэлийн бүлэг ч гэж нэрлэх нь бий. Мөн дээр дурдсанчлан 17 төрлийн 19 зүйлд хамаарах пахицефалозавр үлэг гүрвэлүүдийн олонх нь цул толгойн ясны үлдэгдэлд тулгуурлан тогтоогдсон байдаг. Цөөн хэдэн төрөл, зүйлээс л толгой болон их биеийн хэсэгчлэн хадгалагдсан хэлхээ яс олдсон. Харин шинэ төрөл зүйл болох завацефаль ринпочи нь өмнө илрүүлсэн төрөл, зүйлүүдээс олдворын бүрэлдэхүүний хувьд харьцангуй бүтэнд тооцогдож буйгаараа онцлогтой. Шинжлэх ухаанд хамгийн ойр таамаглал бол тэдгээрийн биеийн яс маш нимгэн учраас геологийн цаг хугацааны явцад байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас элэгдэж, устаж үгүй болдог гэж үздэг. Энэхүү таамаглалыг шинэ төрөл, зүйл болох завацефаль ринпочид хадгалагдан үлдсэн урд мөчний маш жижиг ясны хэсгүүд нотолж байгаа. Алганы яс нь ердөө 6.5 мм урттай бол сарвуу, хурууны нугалам нь 2-3 мм.
-Олдворын хамт ходоодны чулуу болон сарвууны яс олдсон нь тухайн үлэг гүрвэлийн амьдралын талаар юу өгүүлэх бол?
-Завацефаль ринпочид энэ бүлгийн үлэг гүрвэлүүдээс өмнө нь олдож байгаагүй алганы яс, хурууны нугалмууд, гэдэсний чулууны бөөгнөрөл болон чулуужсан шөрмөсөөр хучигдсан бүтэн хэлхээ сүүл анх удаа олдсон. Энэ нь эл бүлгийн үлэг гүрвэлүүдийн хувьсал хөгжлийн судалгаанд бас нэгэн шинэ хуудсыг нээж өгсөн гэж хэлж болно. Эдгээр шинэ мэдээлэл үлэг гүрвэлийн талаарх өмнө нь таамаг төдий байсан маш олон асуултад хариу өгөх боломжтой.
Тухайлбал, гэдэсний чулуун бөөгнөрөл олдсоноор эдгээр үлэг гүрвэлийн идэш тэжээлийн онцлогийг судлах боломж нээгдэх юм. Хэтэрхий богино сарвуу, үлэмж том, хүчирхэг хөл, шөрмөсөөр хучигдсан, биеийн нийт уртын тэн хагасыг эзлэх сүүлний мэдээлэл нь уг бүлгийн үлэг гүрвэлийн био механикийн судалгаанд ч өндөр ач холбогдолтой. Мөн уг судалгааны үр дүнд эл бүлгийн үлэг гүрвэлүүдийн анатоми физиологийн бүтэц, амьдралын хэв маяг, амьдрах орчны нөлөөлөл, үйл хөдлөл зэргийг бүрэн судлах боломжтой боллоо. Бас урд мөчний ясны элементүүдийг илрүүлснээр тухайн үлэг гүрвэлийн жинхэнэ араг ясандээр тулгуурлан гаргасан биеийн төрх байдлыг сэргээн босгоход дөхөм болно.
-Цул толгойт үлэг гүрвэлийн олдворыг хадгалж байсан Хүрэндух хэмээх газар нь байршлын хувьд ямар давуу тал, онцлогтой вэ?
-Хүрэн дух нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт оршдог. Түрүү цэрдийн цаг үеийг төлөөлөх сээр нуруутан амьтад буюу үлэг гүрвэл, нисдэг гүрвэл, яст мэлхий, эртний матар, усны махчин амьтад, загас болон ургамал, үр тоосонцор, шавж зэрэг палеонтологийн олдвороороо Монголд төдийгүй дэлхийд баялаг гэгддэг олдворт газар юм. Тэндээс палеонтологийн шинжлэх ухаанд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэхүйц цөөнгүй олдвор олдсон байдаг.
-Олдворыг өдгөө хаана хадгалж байгаа вэ. Цаашид музейн үзмэр хэлбэрээр ашиглах боломжтой юу?
-Олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн олдвор, цуглуулгын сан хөмрөгт хадгалж байгаа. Газрын хэвлийгээс олдсон олдвор учир Үндсэн хуулиараа хэн бүхэн ашиглаад байх боломжгүй. Манай хүрээлэнгийнхэн судалгааны ажлаа хэдийн хэвлүүлчихсэн учраас аль болох хурдан олны хүртээл болгохоор одоо ажиллаж байна.
-Судалгааны явцад хүндрэлтэй зүйлс тулгарав уу?
-Манай улсад судалгааны анализыг хийж гүйцэтгэх, үр дүнг тодорхойлоход шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон тэдгээрийн хангамж муу. Гэхдээ хүндрэл бэрхшээлгүй ажил гэж юу байх вэ. Миний хувьд хөдөлмөр зүтгэл, хүчин чармайлт зарцуулсан ажил сайн, чанартай, ул суурьтай болдог гэсэн зарчим баримталдаг.
Энэ ташрамд, ШУА болон Палеонтологийн хүрээлэнгийнхэндээ талархаж буйгаа уламжилъя. Хүрээлэнгээс энэ чиглэлийн судалгааг өөрийн орны хөрснөөс олж илрүүлсэн онц гойд, дахин давтагдашгүй олдвор, цуглуулгад үндэснийхээ палеонтологичдын ур чадвар, оюуны чадавхыг сорьж, байнга дэмжин, хамтран ажилладагт талархаж явдаг.
-Судлаачдын хувьд “Nature” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэх нь спортоор бол дэлхийн аваргаас алтан медаль авахтай адил гэдэг байх аа?
-Зургаан жилийн турш нарийн судалж, шинэ төрөл, зүйл болохыг нь тогтоосны эцэст дэлхийд хамгийн нэр хүндтэй “Nature” сэтгүүлийн есдүгээр сарын 17-ны дугаарт эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүллээ. Судалгааны үр дүн дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологичдын анхаарлыг ихэд татаж байна. Монгол орны Түрүү Цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсанаараа энэ олдвор илүү үнэ цэнтэй.
Уг сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ хэвлүүлэхэд маш олон шат дамжлагыг давах шаардлагатай болдог. Хамгийн том даваа бол тухайн чиглэлээр мэргэшсэн шүүмжлэгчид судалгаатай танилцаж, уншсаны дараа өөрсдийн шүүмжээ бичдэг юм. Тэдгээр шүүмжлэгчийг давбал үндсэндээ таны судалгаа дэмжигдлээ гэж ойлгож болно. Эрдэм шинжилгээний нэг өгүүллийг ихэвчлэн 2-3 хүн шүүмжилдэг. Харин цул толгойт үлэг гүрвэлийн судалгааны өгүүлэлд таван шүүмжлэгч ажилласан.
У.Сүрэн