Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, авто замын эрэлтэд нийцсэн сүлжээ бий болгох, түгжрэлийг сааруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд тогтвортой зорчиххөдөлгөөний стратегийг боловсруулж, өчигдөр тайланг танилцууллаа.
Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулсан хотын зорчиххөдөлгөөний стратегид Япон Улсын “Алмек” корпорац болон “Си Ти Ай инженеринг” зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид өдий хүртэл 600 мянган иргэнд зориулсан хот төлөвлөлтийн стратегийг баримталж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловруулсан ч бодитоор хэрэгжүүлж чадаагүй. Харин зорчиххөдөлгөөний стратегитэй болсноор хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон хотыг бүтээх эхлэл тавигдлаа” гэсэн юм.
Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний стратегид “Автобусны тасалбарын нэгдсэн худалдаа, тээврийн олон төрлийн байгууламж, зогсоолуудыг сайжруулж, захиалгат тээврийн буухиа үйлчилгээг нэвтрүүлнэ. Явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөн, нийтийн эрүүл мэндийг дэмжинэ. Зорчих хөдөлгөөнд суурилсан нэгдсэн систем хөгжүүлнэ. Тээврийн ногоон коридор хөгжүүлж, түлш болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины импортыг дэмжих замаар хүлэмжийн хий, хаягдал утааг бууруулна. Ус зайлуулах сувгийн менежментийг сайжруулж, газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх систем суурилуулна. Мөн нийтийн тээврийн дэд бүтэц, авто замын сүлжээг сайжруулж, ногоон байгууламж болон орчны тохижилтын хамтаар иж бүрэн гудамжууд бий болгоно” гэж заажээ.
О.Бат