АНУ-ын “Total civil construction” мэргэжлийн дугуйчдын багийн тамирчин О.Доржжанцантай ярилцлаа. Сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан тэрбээр хоёр жилийн өмнөөс жингээ хасах зорилгоор дугуй унаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд мэргэжлийн тамирчин болж чадсан нэгэн юм.
-Та яагаад дугуйн спортоор хичээллэх болсон бэ?
-Би сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад одоо Америкийн үндэсний их сургуульд IT инженер мэргэжлээр мөн магистрын зэрэгт суралцаж байгаа. Ирэх арванхоёрдугаар сард төгсөнө. Дугуйн спортоор анх зөвхөн жингээ хасах зорилгоор л хичээллэж эхэлсэн. Тухайн үед би 135 кг жинтэй, нэлээд таргалсан юм. Ингээд 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн сонирхогчдын тэмцээнд оролцох болсон. Эргэн тойрны америк найзууд “Чи маш хурдан сайжирч байна. Түвшин ахиулаад үз” гэж хэлсэн. Тэгээд л өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн категори-2 буюу мэргэжлийн дугуйчны ангилалд уралддаг болсон.
-Сонирхогчоос мэргэжлийн ангилалд шилжихэд хариуцлага ч дагаад нэмэгдэнэ биз.
-Мэргэжлийн тамирчин болон сонирхогч хоорондоо маш их ялгаатай. Сонирхогч бол хүссэн үедээ хоббигоороо дугуй унана. Харин мэргэжлийн тамирчин хамгийн сайн гэсэн хүмүүстэй өрсөлдөх учиртай. Тиймээс үргэлж зөв хооллохыг хичээж, бэлтгэл сургуулилалтаа базаадаг. Мөн сэтгэл зүй маш чухал. Тухайлбал, ямар нэгэн тэмцээнд оролцоод хүссэн амжилтдаа хүрч чадахгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс өөрийгөө тал бүрээр бэлтгэхийг хичээдэг. Үүнээс гадна дугуйчид бараг л цалин авдаггүй. Тэгэхээр санхүүгийн асуудлаа орхигдуулалгүй авч явахад жаахан хүндрэлтэй. Тиймээс би ажлынхаа хажуугаар хоббигоороо дугуй унадаг.
-Та АНУ-ын “Total civil construc¬tion” багт саяхан элссэн юм билээ. Ер нь энэ багийн гишүүн болсноор ямар давуу тал, боломжууд эдлэх вэ?
-“Total civil construction” багийн гишүүнээр элсээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Эл багт мэргэжлийн тамирчин олон бий. Тэдэнтэй уралдах нь маш том боломжуудын нэг. Өсөж, хөгжинө гэсэн үг. Манай багаас бидний оролцох тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг. Бас бүх гишүүддээ дугуй өгдөг юм.

-Дугуй бол техникийн спорт гэдэг. Тиймээс тамирчны бэлтгэл сургуулилалтаас гадна дугуйны бүрэн бүтэн байдал чухал. Та ямар төрлийн дугуй унадаг бол?
-Тамирчин хүний хувьд ямар дугуй сонгох вэ гэдэг чухал. Надад одоогоор гурван төрлийн дугуй бий. Манай багаас дугуйтай холбоотой бүхий л зүйлийг хангаж өгдөг. Харин жижиг сажиг зүйлийг өөрөө хийнэ. Мөн дугуйгаа унасны дараа үргэлж арчилж тордон, цэвэрлэдэг. Тиймээс механик гэмтэл тэр бүр гардаггүй. Бас Америкийн дугуйн зам маш цэвэрхэн учраас бараг л тоос, шороо болдоггүй.
Үүнээс гадна хол зайндугуйн тэмцээнтухайн хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг. 5-6 цаг уралдана гэдэг амаргүй даваа. Тэгэхээр дугуйн спортын тамирчин байхад эрүүл мэнд, тууштай байдал, эр зориг чухал.
-Категори-2 ангиллынхаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Америкт дугуйн зургаан төрлийн категори буюу ангилал байдаг. Энэхүү ангилалд бүртгүүлэхийн тулд эхлээд дугуйн холбоондоо мөнгө төлснөөр уралдаанд оролцох эрх нээгдэнэ. Ангиллаа өгсөхийн тулд тамирчид20 оноо цуглуулах ёстой. 20-50 хүнтэй тэмцээнд оролцож түрүүлбэл гурав, 50-80 оролцогчтой тэмцээнд ялалт байгуулбал найман оноо авна. Энэ мэтчилэн цуглуулсаар ангиллаа ахиулах боломжтой. Харин категори-4-өөс дээш бол цуглуулах оноо нь нэмэгдэж, тэмцээн нь илүү хүндэрдэг. Хамгийн дээд оргил нь категори-1 гэсэн үг.
-Таныг АНУ-ын аварга шалгаруулах “Gran fondo” тэмцээнд хоёр удаа оролцсон гэж сонссон.
-АНУ-ын аварга шалгаруулах тус тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулдаг. Америкийн өнцөг булан бүрээс ирсэн 700-1000 орчим дугуйчин эл тэмцээнд оролцдогоороо онцлогтой. 100 милл буюу 160 км-ийн зайд уралдаан болдог. Миний хувьд эл тэмцээнд өнгөрсөн жил 1000 дугуйчнаас 89 дүгээрт эрэмбэлэгдсэн. Харин өнөө жил 1118 дугуйчнаас 28 дугаарт жагслаа. Насны ангиллаараа 124 хүнээс наймдугаарт бичигдсэн.
-Монголын болон гадаадын дугуйн спортын орчин нөхцөл, соёл нь хоорондоо хэр ялгаатай вэ?
-АНУ дахь монголчуудын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Миний хувьд эл тэмцээнд хоёр удаа оролцож II, III байрт шалгарсан. Монголчуудтайгаа уралдахаар яагаад ч юм сэтгэл амар тайван байдаг. Харин гадаад дугуйчидтай бол жаахан санаа зовоод, өөрийгөө шахчих гээд байдаг талтай. Соёлын хувьд манайхан илүү тайван бол гадаадынханжаахан түрэмгий санагддаг.
-Дугуйн спортоор хичээллэхийн давуу тал, ач холбогдлынталаарта юу гэж хэлэх вэ?
-Нэгдүгээрт, эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр fit буюу эрүүл чийрэг биетэй болно шүү дээ. Эргэн тойрны найзууд, гэр бүлийнхэн минь ч намайг дагаад спортод тэр дундаа дугуй унах сонирхолтой болсон. Хүн бүр өөр зорилгоор дугуй унадаг. Ажил, хичээлдээ явах, жин хасах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, түгжрэлээс зайлсхийх гэх мэт. Харин надад дугуй унах тусам яагаад ч юм сэтгэл сэргэж, сайхан санагддаг. Дугуйгаа жийгээд салхи сөрөөд явах мэдрэмж үнэхээр гайхалтай. Мөн амьдралаа эргэцүүлэн бодох боломж олгодгоороо онцлогтой. Бас хүмүүс автомашинтайгаа зугаалгаар явдагтай адил дугуйтай аялалд гарах үнэхээр сайхан. Тиймээс спортын олон төрлөөсдугуйтайнөхөрлөсөндөө их баярладаг.
-Та ойрын хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн үү?
-Би АНУ-ын Вашингтон хотод амьдардаг. Миний хувьд өнөө жилийн тэмцээн уралдаан дууссан. Энд Монголтой адил дөрвөн улирал солигддог. Тиймээс өвөл ихэнх тэмцээн зогсчихдог юм. Харин хоёрдугаар сарын дунд үеэс эхлээд дугуйн тэмцээнүүд эрчимждэг. Ирэх жил нэлээд хэдэн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Мөн дараа жилээс категори- 1-д өөрийгөө бэлтгэнэ. Түүнчлэн эх орноо төлөөлөөд дэлхийн олон тэмцээнд оролцох хүсэлтэй. Бас эх орондоо очиж, УАШТ-дөрсөлдөх сонирхолтой. Цаашлаад Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпод хүч сорино гэж боддог.
-Дугуйн спортоос өөр хобби байдаг уу?
-Гүйж, сэлэх, гольфоор хичээллэх дуртай. Энэ хоббигоороо “Ironman” триатлонд хоёр удаа оролцсон. Далай болон нуурын усанд 3.8 км сэлээд, дугуйгаар 180 км зам туулж, 42 км гүйх ёстой байдаг.
У.Цэцэгсүрэн