Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ эрхэм бусдын гарт амиа алдсан харамсалтай хэргээс хойш 27 жил улирч буй билээ. Эрх баригч намын дотоод зөрчил парламент, Засгийн газар хоорондын хямрал болон гүнзгийрч буй энэ цаг үед С.Зориг агсны хэлсэн эрх ашгийн эрэмбийг бид санах ёстой болж байгаа юм. Тэрбээр улсын эрх ашиг нэгт, намынх хоёрдугаарт, хувийнх сүүлд нь байх ёстойг бидэнд захиж үлдээсэн.
Түүний хөшөөнд цэцэг өргөх үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “Уг хэргийг олон жил улс төрийн зорилгоор ашиглаж ирлээ. Эндээс МАН үргэлж хожиж, АН хожигдож ирсэн байна. Одоо үүнийг нууцын зэрэглэлээс гаргаж, шаардлагатай бол УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй. Үүний төлөө АН ажиллана” гэлээ. УИХ-ын залуу гишүүн С.Цэлмүүн “Би бол энэ хэргийг илэрсэн гэж үздэг. Үүгээр улс төр хийхийн эсрэг байр суурьтай явдаг. С.Зориг агсан бол зөвхөн АН-ын биш, ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл байсан. Тиймээс бид түүний үйл хэрэг, үзэл санааг үргэлжлүүлэх учиртай. Өнгөрсөн жилийн өдийд залуус бид нэгдэж “С.Зориг-ардчиллын хүрээлэн”-г байгуулсан. Баруун төвийн үзлийг намынхаа үйл ажиллагаанд тусгах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх чиглэлээр нэг жилийн турш ажиллалаа. АН хамгийн их эв нэгдэлтэй үе дээрээ явж байна. Эв нэгдэлтэй институц болсноор дараа дараагийн сонгуульд ялах боломжтой” гэсэн юм.
С.Уул