Нийслэлд төдийгүй орон нутагт зарим шатахуун түгээх станц (ШТС)-д АИ-92 төрлийн шатахуун хомсдож, олгохгүй байна гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, иргэн А өнгөрсөн ням гаргийн орой Офицерын автобусны буудлаас эхлээд зүүн тийш “Петровис”, “Сод Монгол” зэрэг хэд хэдэн станцаас АИ-92 шатахуун авах гээд чадаагүй тул АИ-95 шатахуун авахаас өөр аргагүйд хүрчээ. Мөн иргэн Г 32-ын тойрог дахь “Сод Монгол”-оос эхлээд шатахуун түгээх дөрвөн станцад очсон ч “АИ-92 дууссан” гэсэн тайлбар сонссон байна. Эцэст нь Баянбүрдийн “Тэс” ШТС-аас банкаа дүүргэсэн талаараа учирлав. Мөн Архивын ерөнхий газрын дэргэдэх “Шунхлай”-д АИ-92 шатахуун олгохгүй байгаа аж. Түүнчлэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд л АИ-92 байна, Говь-Алтайн Чандманьд энэ төрлийн шатахуун дууссан гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Ялангуяа “Петровис” ШТС-ын салбарууд байсхийгээд л АИ-92 тасрах болсныг иргэд ярьж байна.
Харин үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах тайлбарыг өгөв. Тэрбээр “Хойд хөршийн нөхцөл байдал хүнд байгаа ч Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцсоны үр дүнд шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Сумд гурван станц байлаа гэхэд нэгд нь заавал АИ-92 бий. Төвөөс шатахуун нийлүүлж буй учраас бага зэрэг тасалдал үүссэн. Гэхдээ нийлүүлэлтийг хэвийн явуулахад анхаарч байна. Манай улсад шатахуун нөөцлөх сав хүрэлцээгүй. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд савны нөөцөө нэмээгүй. Иймд ирэх оны улсын төсөв, төсөл хөтөлбөрт 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж, улсын хэмжээнд хэрэглэх нэг сарын ч болов шатахуун нөөцлөх агуулах сав барих боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгоно” гэв. Ийн салбарын сайд нь шатахууны нийлүүлэлт хэвийн, нэг сарын нөөц бий гэсэн ч бодит байдалд АИ-92 шатахуун олгохгүй станц нэгээр тогтохгүй. Тэрбээр мөн яриандаа үнэ нэмэгдэж болзошгүйг дурдсан. Ингэснээр зохиомол хомсдол үүсгэн, үгсэн тохиролцож үнэ нэмэх нь гэж хардах хүн цөөнгүй байна.
Ташрамд, манай улсын 90 гаруй аж ахуйн нэгжийн агуулахад 400 мянга гаруй тонн шатахуун нөөцлөх боломжтой аж. Олон улсын энергийн агентлаг аливаа улс 3-6 сарын шатахуун хадгалах нөөцтэй байх шаардлагатай гэж үздэг. Харин Монгол Улс нэг сарын нөөцөө ч хадгалах савгүй байгаа аж.
Ч.Туяа