Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар МУИСийн Хууль зүйн сургуулийн багш, татвар, бизнесийн эрх зүйн мэргэшсэн зөвлөх Б.Баасандоржтой ярилцлаа.
-Засгийн газраас Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Зөвшөөрлийн, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг дагалдах 100 орчим хуулийн төсөлтэй хамт боловсруулж, иргэдээс санал авч байна. Өнгөрсөн пү¬рэв гарагт олон нийтийн хэлэлцүүлэг нь боллоо шүү дээ.
-Тийм ээ, танилцсан. Үзэл бодол, саналаа илэрхийлэх боломж олгосон танай редакцад талархал илэрхийлье.
-Тус хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс баримтлах зарчмыг тодорхойлсон буюу үзэл баримтлалын агуулгатай, органик шинжтэй харилцааг зохицуулсан байна. Түүнчлэн хууль санаачлагчид үүгээр дамжуулан бизнесүүдийн эрх ашгийг хам-гаална, шат шатны хүнд суртлыг хална гэж байгаа ч зохицуулалтуудыг эргэн харах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр ярина лээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Зохицуулалтуудыг эргэн харах шаардлагатай гэдэгтэй санал нийлнэ. Манайд хууль багадаагүй гэдгийг хэлэх нь зөв. Харин энэ нь нийгмийн харилцааг үр нөлөөтэй удирдаж, зохицуулж байна уу гэдэг л хамгийн чухал. Хуулийг тодорхой техникээр, шинжлэх ухааны арга зүйд суурилж бичих учиртай. Миний хувьд энэ хуулийн төслийг эргүүлэн татаж, хэлбэрийн хувьд өөрчилж, сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Иргэд эдийн засгийн эрх чөлөөг хүсэж буй нь үнэн боловч ийм хуулиар баталгаажуулж чадахгүй л болов уу.
Нэгдүгээрт, өнөөгийн Хууль тогтоомжийн тухай хуульд “Хууль санаачлагч нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэнд шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна” хэмээсэн. “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” гэж нэрлэсэн энэ хуулийн төсөл хувийн аж ахуй эрхлэх эрхийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулах агуулгатай. Гэтэл тус эрхийг чөлөөтэй эдлүүлэхийг ардчилсан Үндсэн хуульд тунхаглаад 30 гаруй жил болчихсон шүү дээ. Үүний оронд эдийн засгийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын чанар, уялдаа, хэрэгжилтийн үр нөлөөг эргэн харах шаардлагатай байтал ийм шинэ, хэт ерөнхий, тунхгийн шинжтэй хууль өргөн барьсан нь эрх зүйн хөгжил талаас харсан ч оновчгүй юм. Тухайлбал, уг хуулийн төслийн 5.1.1 дүгээр хэсэгт “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулиар хязгаарлаж, хориглосноос бусад зорилгоор төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны шийдвэр батлахгүй байх” гэсэн нь анхдагч хуулийн төслийн шаардлагыг хангахгүй байгаа юм.
Хоёрдугаарт, энэ хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд эдийн засгийн эрх чөлөөг хангахад төрөөс баримтлах зарчмыг тусгасан нь бидэнд хэрэгтэй ч эрх зүйн үр нөлөөтэй байх зарчмыг алдагдуулсан. Эдгээрийг бие даасан хууль хэл¬бэрээр батлах бус, төрөөс баримтлах бодлогод тусгаж, цаашлаад бодлогын баримт бичиг, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад “шингээх” шаардлагатай юм. Эл хуулийг эдийн засаг дахь төрийн оролцооны хэлбэрийг тусгасан бодлогын баримт бичиг болгох төдийгүй эдийн засгийн салбарт хамаатай бусад хуулийн алдаа дутагдлыг засаж, сайжруулах нь зүйтэй. “Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой энэ хуулиар тогтоосон зарчим, зохицуулалтад нийцээгүй хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй” гэж заасан байна л даа. Тэгэхээр энэ эрх зүйн хэм хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал үүснэ биз. Өөр хуульд үүнтэй зөрчилдсөн заалт байна гэж бодъё. Тухайн иргэн захиргааны албан тушаалтан, эсвэл шүүхэд л хандаж таарна шүү дээ. Бодит байдалд энэ хууль болон аль нэг нарийвчилсан хууль хооронд зөрчил үүсвэл иргэн, хөрөнгө оруулагч гомдол мэдүүлж, шүүхийн үүд сахиж, цаг зав, санхүүгийн алдагдалд орох тодорхойгүй байдлыг үүсгэх магадлалтай.
Тодруулбал?
-Үүний оронд хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хүнд суртал бүхий зохицуулалттай хуулийг л яаралтай шинжилж, засъя гэсэн үг. Түүнчлэн бизнес, аж ахуй эрхлэгчийн субьектив эрхийг тодорхойгүй шалтгаанаар зөрчдөггүй, төрийн үйлчилгээ иргэнд илүү ээлтэй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, салбар бүрийн хуульд нарийвчлан тусгах хэрэгтэй байна. Ингэж л бизнесийн эрх чөлөө баталгаажна. Үгүй бол иргэн энэ олон хуулийн хаана, ямар заалт байгааг эрээд явах боломжгүй шүү дээ.
Гуравдугаарт, дагаж мөрдөх хуулийн төслүүдэд нухацтай хандах хэрэгтэй байна. Тухайлбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл” гэх бүтцийг бий болгохоор нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлдсэн байх жишээтэй. Үүнд төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай гомдлыг тус зөвлөлд гаргаж, шийдвэрлүүлнэ хэмээн дурдсан байна. Анх сонссон хүн “Ёстой зөв” гэж бодох ч энэ зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байх ба зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Засгийн газар батална хэмээн зохицуулсан. Үүнээс үзвэл гомдол, маргаан урьдчилан шийдвэрлэх зорилготой мэргэжлийн бүтэц, эсэх нь тодорхойгүй. Төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилтын дор хууль батлах гэж буй хэр нь ямар мэргэжил, туршлагатай хүн, хэрхэн ажиллах нь тодорхойгүй бүтцийн эрх мэдлийг Засгийн газарт хуулиар нэмж олгосон байна. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хөрөнгө оруулагчийн эрхийг сэргээх механизм нэгэнт тогтсон байхад дахин ийм бүтэц нэмэх ямар шаардлагатай юм бэ. Эрх зүйн тогтол¬цоо, хууль хэрэглээнд ямар үр дүн авчрах нь тодорхойгүй хууль үйлдвэрлэсээр байх уу. Эрх зүй нийгмийг үр ашигтайгаар зохицуулж чадахгүй болох үзэгдлийг хууль тогтоомжийн инфляц гэж нэрлэж буй.
Дагалдах хуулийн төсөл гэдэг нь хуучин хуулийн логик зөрчилтэй хэсгийг л засварлах явдал. Тиймээс сайтар няхуур хандаж, хэрэгжилтийн үр дагаврыг судалсан байх ёстой. Анхдагч хуулийн төслийг дагалдан оруулж байгаа гэх нэртэй боловч тус боловсруулсан төслийн хүрээнд бусад хуулийг бодитой сайжруулж байна уу, эсхүл хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхгүйгээр шууд нэмэлт, өөрчлөлт оруулж байна уу гэдэг нь танилцуулга болон бусад судалгаанаас нарийн тодорхой харагдахгүй байна.
-Хуульд юуг эдийн засгийн эрх чөлөө гэж ойлгох тухай тусгаагүй. Ер нь эрх чөлөөг ингэж хуульчлах нь зохимжтой юу?
-Дэлхийн түүхээс харахад ард түмэн өөрсдөө аль нэг дарангуйллын тогтолцоо, шударга, тэгш бус байдлын эсрэг тэмцэж ирсэн нь эрх чөлөө гэгчийг хэн нэгэн олгодоггүй учраас юм. Бүгд найрамдах улсын хэлбэртэй, парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой улсад иргэний эрх чөлөөг Үндсэн хуулиар тунхаглаж, төрөлжсөн хуулиудаар нарийвчлан баталгаажуулах бөгөөд шүүхээс хуулийг хэрэглэх замаар хамгаална. Эрх чөлөөг баталгаатай хангахын тулд олон хуулийн хэм хэмжээний нэгдмэл байдлыг бий болгож, тогтмол сайжруулж, судлах ёстой. Иймээс улс орон бүрийн хууль зүйн яам тус асуудлыг хариуцан, бодлого зангиддаг болохыг дурдъя.
-Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс энэ оны байдлаар 100-гаас 62.6 оноо авсан нь “дундаж эрх чөлөөтэй” оронд тооцогдож байна. 12 үзүүлэлтээр хэмждэг тус индексийн засаглал, өмчийн эрхийн шалгуурт манай улс “эрх чөлөөгүй” гэж үнэлэгдсэн. Тэгэхээр энэ хуулиар эдийн засгийн эрх чөлөөг дээрдүүлж чадна гэж та бодож байна уу?
-Энэ байдлаараа төдийлөн үр дүнд хүрч чадахгүй болов уу. Жишээ нь, төрийн өмчийн компанийн засаглалыг шинэчлэхээр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, энэ бол иргэн шууд оролцох ха¬рилцаа биш буюу Засгийн газрын бодлогын асуудал. Төрийн оролцоотой бизнесийн этгээд болох компани түүний удирдлагыг төрөөс хэрхэн зөв бүрдүүлэх тухай. Товчхондоо, төрийн өөрийн үр ашгийн асуудал юм. Компанийн тухай хуулийг сайжруулах, шинэчлэн найруулах бүрэн боломж байна. Үүний нэг бүлэг нь төрийн өмчийн оролцоотой компанийн зохицуулалт байж болно шүү дээ. Гол нь үүгээр дамжуулан тус газар бусдаас давуу эрх эдлэхгүй, компанийн зарчмаар явна гэх суурийг бэхжүүлж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тус компанийн засаглалыг бүрдүүлэх буюу менежментийн бүтцийг төрөөс хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг зохицуулчихсан. Энэ мэт өмнөх уламжлал, сонгомол эрх зүйн тогтолцоогоо эвдэхгүйгээр хуулийг системчилж бичихгүй бол асуудал бүрийг шинэ хууль батлах замаар шийднэ гэж байхгүй.
-Төр болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хооронд байнгын ажиллагаатай зөвлөлдөх тогтолцоо бүрдүүлэх, бизнес эрхлэгчээс гаргасан саналыг хэлэлцэн зөвлөмж гаргах Эдийн засгийн бодлогын зөвлөл ажиллаж, түүнийг Ерөнхий сайд ахлах тухай тусгасан нь анхаарал татлаа.
-Тийм байна лээ. Төр, хувийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн хооронд үүссэн асуудлаар зөвлөмж гаргах эдийн засгийн зөвлөл байгууллаа гэж төсөөлье. Энэ хэд маань хэнд зөвлөмжөө өгөх юм бэ. Ерөнхий сайдад, эсвэл УИХ-д уу. Тус зөвлөмж заавал биелэгдэх шинжтэй байх, эсэх гээд олон асуулт ургаж байна. Хэрэв үүнээс гаргасан шийдвэр, зөвлөмжийг заавал дагаж мөрдөхгүй бол ийм зөвлөлийн хэрэг гэж алга. Хэрэв яам, агентлаг хуулийг буруу, дутуу хэрэгжүүлж байна гэж Засгийн газар үзвэл төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, үйл ажиллагааг чиглүүлэх нь гүйцэтгэх эрх мэдэлд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх шүү дээ. Өнөөгийн 900 гаруй хуульд иргэний баялаг бүтээх эрх чөлөө баталгаатай, эсэхийг судлах, түүнд зориулж хууль санаачлах, түүнийг батлах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, нь парламентын мэдлийн асуудал юм. Иймээс тус бүтцийг дэмжихгүй, үр ашиггүй гэж хэлэх байна.
-Заавал биелэгдэх шинжтэй захиргааны актууд буюу журмууд яг л хууль шиг үйлчилж байгаа нь бизнесийн үйл ажиллагаанд чөдөр тушаа болж байгаа нь нууц биш. Уг нь татвар, НДШ, бусад хураамжийг багасгаж, хуульд нийцэж буй л бол бизнесийн өмчид бүдүүлгээр халдаж, эдийн засгийн дарамт учруулахгүй байх нь аж ахуйн нэгжүүдэд хамгийн тустай шиг.
-Яг тийм. УИХ гишүүн бол ард түмний элч гэж бид үздэг. Иймээс хуулийг тодорхой, ойлгомжтой болгох нь парламентын гишүүдийн үүрэг. Аль хуулийг хэрэгжүүлэхэд амьдралд оновчгүй, учир дутагдалтай байгааг мэргэжлийн зөвлөх, мэргэшсэн судалгааны байнгын бүтцэд тулгуурлан тодорхойлох, холбогдох хуульд нарийвчилсан өөрчлөлтийг нэмж тусгах, өөрчлөн найруулах төслийг санаачлах бүрэн эрх нь тэдэнд байна. Гэтэл хуульчдын хэлдгээр захиргааны хэм хэмжээний акт, энгийнээр бол аль нэг сайд, дарга нарийвчилсан журмыг хожим батална хэмээн хуульд тусгадгаас нийтийн захиргааны албан хаагч хуулийг тэгш бусаар хэрэгжүүлэх, хийдүүлэх эхлэл болж байгааг хэлэх нь зөв.
Д.Хүслэн