Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 37 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь аварчээ. Мөн 223 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байна. Нийт дуудлагын 81 нь ахуйн гал, 16 нь ой, хээрийн түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослынх байжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Хоймор таур” барилгын гурван давхарт өнгөрсөн бямба гаргийн 20.04 цагт гал гарсан байна. Алба хаагчид тус барилгын 3-12 дугаар давхрын цахилгаан шитнээс хананы дотор талаар тархсан галыг бүрэн унтраажээ. Уг орон сууцын 4-12 дугаар давхрын 48 айлын 192 иргэнийг утаажилтын бүсээс аюулгүй талбайд гаргасан байна. Галд өртөж, угаартаж, гэмтсэн хүн байхгүй хэмээн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Цаг агаар сэрүүсэж буйтай холбоотой гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж, угаартах, ахуйн гал түймэрт өртөх тохиолдол буурахгүй байгааг онцгой байдлын байгууллагынхан сэрэмжлүүлэв. Тухайлбал, уржигдар гэхэд нийслэлд ахуйн галын зургаан дуудлага ирсэн байна. Айлын гэр, байшин, суудлын автомашин, өнжмөл шар өвс, хогийн цэг шатсан байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн сард угаарын хийд хордсон 154 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар угаарын хийн 1499 тохиолдол бүртгэгдэж, 31 хүн энджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 14, ХанУул, Баянголд тус бүр зургаа, Баянзүрхэд гурав, Чингэлтэйд хоёр иргэн угаартаж, нас барсан байна.

Ч.Болор