УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүсээс мэдээлэл сонсож, асуултдаа хариулт авсан байна. Инфляцыг ирэх онд хамгийн ихдээ зургаа, 2027 онд таван хувь байлгахаар төсөлд тусгасан аж. Мөн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
МАН-ын нэр бүхий гишүүн Засгийн газрыг огцруулах асуудал оруулах гэж буй тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс байр суурийг нь лавлахад “Манай бүлгээр энэ талаар яриагүй, байр сууриа нэгтгэсэн зүйл алга. Өнөөдөр л энэ тухай яриа гарч байна. МАН олон жилийн турш амлалт, мөрийн хөтөлбөр нэрээр ард иргэдийг хуурч явсны гор л гарч байна. Ажил нэрээр хулгай хийж явсных нь үр дүн. Ер нь зүй зохис, улс орны эрх ашгаа баримталж л ажиллах ёстой” гэлээ.
Нэгдсэн чуулган хуралдахгүй байгаа нь зохион байгуулагчдын асуудал, АН-ын зүгээс завсарлага авсан, бойкот хийсэн зүйлгүй гэдгийг тэрбээр хэлэв. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы индрийг ашиглах ёс зүйн эрхгүй, тиймээс дэд дарга нь хурлаа удирд, МАН-ын талцлаас үүдэн төр эзэнгүйдэж байгаа тул төсвөө эгүүлэн татаж, үргүй зардлаа бууруулж, сайжруулаад гурав хоногийн дотор өргөн барихыг шаардаж буй улс төрийн шийдвэрээ дагаж байгаа гэлээ.
С.Уул