Дэлхийн боксын холбооноос Британийн Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д “Алдар”спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Монголын багийн шагналыг буухиалж үргэлжлүүлсэн билээ. Тэрбээр медалийн төлөөх тоглолтод жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдөөс дэлхийн хүрэл медальт Испанийн тамирчин Молина Салвадорыг буулган авсан нь бөмбөрцгийн үзэгчдийг багагүй огшоов. Дэлхийн дэвжээнд амжилттай тулалдах зорилго тавьж явсан тэрбээр эх орондоо алтан медальтай ирэхийг хүсэж байлаа. Мөнгөн медалийн төлөө Японы Соукши Макиног ялж, финалд шалгарахыг монголчууд догдлон, амьсгаа даран үзсэн нь одоо ч нүдэнд харагддаг. Түүнтэй аваргын төлөө өрсөлдөх тамирчин хүндхэн учраа байв. Казакстаны тамирчин, дэлхийн хошой аварга Санжар Ташкенбой жиндээ дийлдэхээргүй шинэ танилтай болсноо тус тэмцээнээс мэдэрсэн гэдэг. Монгол тамирчин эл жинд анх удаа цахиур хагалан түүнтэй өрсөлдөж, тулааны спортын хорхойтнуудад мөнгөн медалиар бэлэг барьж, дэлхийн дэвжээнд өөрийн амжилтыг ийн тунхагласан юм. Тэрбээр ДАШТ-д аман хүзүүдсэн тав дахь тамирчин болж, Монголын боксын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
-Аавын тань танил дүү боксоор хичээллэхийг анх санал болгосон гэдэг. Харин та хожим дэлхийн дэвжээнд өрсөлдөнө гэдгээ тэр үед төсөөлөөгүй явсан байх.
-Би боксоор 10 жил хичээллэж байна. Аавын хуурай дүү болох Э.Төрболд ах боксын тамирчин байхдаа үүгээр хичээллэх санал надад тавьсан юм. Аав нэг өдөр намайг “Алдар” спорт хороонд дагуулж ирээд Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багштай танилцуулж, боксын дугуйланд бүртгүүлснээр тамирчин болох замналаа эхлүүлсэн. Зааланд бэлтгэл хийхээр ирэхдээ үеийнхээ хүүхдүүдийг хараад их баярлаж билээ. Тэдний олонх нь бокст хөл тавиад удаагүй байсан тул намайг халуун дотно, найрсгаар угтаж авсан нь одоо ч мартдаггүй. Тухайн үед тулааны спортын төрлүүдээс бокс илүү таалагдсан болохоор сэтгэл минь эргэж буцахааргүй татагдсан даа. Манайхан миний сонголтыг дуртай хүлээж авсан тэр цагаас амжилтын төлөө тэмүүлэх болсон.
-Тамирчин хүнд анхны юм бүхэн нь дурсамж үлдээдэг. Олон улсын тэмцээнээс медаль гардаж, багш нараа баярлуулсан агшин танд урам өгсөн хамгийн сайхан мөч байсан болов уу?
-Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын олон тэмцээнд оролцлоо. Өсвөр үеийн тамирчин байхдаа Дорноговь аймагт болсон олон улсын тэмцээнд анх удаа түрүүлж, аав ээж, багш нараа баярлуулсан мөч сэтгэлд тод үлджээ. Тус тэмцээний дараа ОХУ-ын Чита хотод 2019 онд зохион байгуулсан Олон улсын хүүхдийн спортын IX наадамд Монголын боксчдоос Б.Баяр-Эрдэнэ бид хоёр финалд шалгарлаа. Аваргын төлөөх тоглолтод би түүнд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэнд байх хугацаандаа тивийн орнуудын тамирчид биеийн бэлтгэлээс гадна тэмцээний үед сэтгэл зүйгээ хэрхэн зөв удирдаж амжилт гаргаж буйг нь ажигласан. Хойд хөршид олж харсан бүхэн минь дараагийн тэмцээнүүдэд хэрэг болж, ур чадвараа ахиулахад минь багагүй нөлөөлсөн гэж боддог.
-Та залуучуудын ангиллын тэмцээнд нэг ч оролцоогүй насанд хүрэгчдийнхэд өрсөлдсөн байдаг юм билээ.
-Цар тахал олон улсад дэгдсэн он жилүүдэд тус ангилалд зохион байгуулах тэмцээнүүдийг цуцалсан тул оролцоогүй. Харин насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван мөнгө, нэг алтан медальтай. ХБНГУ-д болсон “Дэлхийн цом” ми¬ний хувьд ямар хэмжээнд хүрснээ харуулах хариуцлагатай тэмцээн байв. Хэдийгээр гар минь бэртэлтэй байсан ч хүрэл медалийн төлөөх тулаанд ялж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Мөнгөн медалийн төлөө Кубын тамирчинтай тулалдахдаа өөрийнхөө хүссэн тоглолтыг гаргаж чадалгүй ялагдсан. Надад энэ ангилалд цаашид өрсөлдөхөөр бол өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ойлгуулсан тулаан бол ОХУ-д болсон олон улсын тэмцээн. Тэр тэмцээнээс би маш их зүйлийг ухаарсан шүү. Түүнээс хойш бэлтгэл хийхдээ техник, тактик, хөлийн ажиллагаандаа анхаарал хандуулсан юм.
-Хуримтлуулсан туршлагаасаа тамирчин хүн амжилт гаргах цаг хугацаагаа мэддэг гэдэг. Та өөрийгөө хэзээнээс эхэлж мэдэрсэн бэ?
-Найман жил хичээллэсний дараа би одоо л ам¬жилт гаргах хэмжээнд хүрчээ гэж бодож байлаа. Британийн (Англи) Шейфилд хотод өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон “Дэлхийн цом”-д эзэн орны тамирчин Эллис Тровбриджиг 3:2-оор буулган авч, аваргаар шалгарсан юм. Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө нутгийнх нь дэвжээнд үзэгчдийнх нь өмнө хожиход өөрийн эрхгүй огшдог юм билээ. Би ийм ялалтыг олон жил хүлээсэн. Хэзээ нэгэн цагт “Дэлхийн цом”-д түрүүлнэ гэж боддог байсан хүслээ биелүүлсэн. Тэр үед төрсөн баяр хөөр, мэдрэмжийг үгээр зүйрлэж хэлэхэд ч багадмаар санагддаг. Харин ДАШТ-д оролцоно гэдэг миний хувьд өөртөө тавьсан маш том зорилго байв. Дотоодын өрсөлдөгчдөө ялж, Английн Ливерпүүл хотод хөл тавих эрх авах болохоор маш их хичээсэн.

-Монголд анх удаа зохион байгуулсан “Дэлхийн цом”-д таныг түрүүлэх байх гэж тулааны спортын хорхойтнууд их харах шиг санагдсан.
-Тус тэмцээний финалд шалгарсан ч БНХАУын тамирчинд ялагдаж, дэд байр эзэлсэн. Намайг хожсон тэрбээр сая болсон ДАШТ-д жин өгсөн 55 кг-д тоглож хүрэл медаль хүртлээ. Би энэ удаа ДАШТ-д хүрэл медалийн төлөө Филиппиний тамирчинтай таарах болов уу гэж дотроо таамаглаж байв. Миний хувьд түүнийг өмнөх цувралд хожсон болохоор ялна гэсэн итгэл төрсөн. Гэтэл тэрбээр өөр тамирчинд ялагдсанаар медалийн төлөө Испанийн тамирчин, дэлхийн хүрэл медальт Молина Салвадортай тоглохоор болсон. Түүнтэй тулалдахын өмнө олон зүйл толгойд бодогдсон. Тэр үед “Энэ тэмцээнээс заавал медальтай буцах ёстой. 10-аад жил хичээллэхдээ ямар олон саад бэрхшээлийг туулж, ард нь гарсан билээ. Одоо л миний зорилгоо биелүүлэх цаг” гэж өөртөө хэлсэн. Хүрэл медалийн төлөө тоглохоор шалгарсан манай тамирчдын ихэнх нь хожигдсон болохоор багийнхан, багш минь надад л найдвар тавьж, харж байлаа. Дэлхийн дэвжээнд ялагдаж болохгүй үүрэг хариуцлага тэднийг итгэлийг дагаад ирэх шиг санагдсан шүү.
-Хүрэл медалийн тоглолт хүнд тулаан байсан. Түүнийг ямар тактикаар ялав?
-Хэн хэн нь хожигдохгүйн төлөө бүхнээ шавхаж гаргасан. Молина Салвадорыг олон ажиллагаатай, урагш довтолж тулалддаг онцлогтойг нь тулааны өмнө судалж мэдсэн юм. Тиймээс түүнтэй мэдэрч тоглох л чухал. Миний хувьд довтолж бус, хойш ухран өөр рүүгээ урин дуудах маягаар тоглохдоо займран, бултаж, хүчийг сулруулах нь хамгийн зөв тактик байлаа. О.Батхүү багш рингэнд гарахын өмнө “Чи зүүн гараа сайн ажиллуулна шүү. Түүнийг довтлоход гэдсэнд нь цохиж, хойш ухран өөр рүүгээ урьж тогло” гэж зөвлөсөн нь ялалт байгуулахад их нөлөөлсөн.
-Японы тамирчин Соукши Макино ч бас амаргүй учраа. Мөнгөн медалийн төлөө тоглохдоо та төвөггүйхэн хожиж байгаа харагдсан.
-“Дэлхийн цом”-ын өмнөх цувралд түүнтэй аваргын төлөө өрсөлдөхөөр таарсан юм. Түүнтэй тоглохоос өмнө нь хүрэл медалийн төлөө Туркийн тамирчинтай тулалдахдаа мөргөлдөж, би хамраа хугалсан. Хэдийгээр медалийн болзол хангаж, финалд шалгарсан ч миний хувьд тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Шүүгчид түүнд ялалтыг өгч, би мөнгөн медаль хүртэж байлаа. Англид болсон ДАШТ-д түүнтэй дахин таарахдаа заавал хожно гэж өөртөө амласан. Түүнийг ялах надад хэцүү санагдаагүй.
-Финалд тоглосон Казакстаны тамирчин, дэлхийн хошой аварга Санжар Ташкенбой таныг хүнд өрсөлдөгч болохыг тулалдахдаа мэдэрсэн болов уу?
-Би түүнийг жингийнхээ тамирчдаас хамгийн шилдэг нь гэдгийг мэдэж байсан. Олон тэмцээнд тулалдсан тул надаас туршлагаар хамаагүй илүү. Гэхдээ түүнд амархан ялагдахыг хүсээгүй. Өндөр, биерхүү, чац урттай түүнтэй бүх чадлаараа тоглоод л хожигдсон. Бид хойшид ч таарна. Тиймээс бүх талаас нь судалж, тулааны бичлэгүүдийг нь үзэж байгаа. Миний хувьд шигшээ багт хөл тавьсан анхны өдрөөс багийнхантайгаа сайн ойлголцож, багшийнхаа зөвлөгөөг сонсон өөрийгөө дайчилж хөг¬жүүлсэн минь амжилтад хөтөлсөн гэж боддог. Манай тамирчид багаараа ДАШТ-д Куба, АНУ-ын багийн өмнө бичигдлээ. Английн Ливерпүүл хотод мөнгөн медаль хүртчихээд гэртээ харих сан гэж их яарсан даа.
-Медалийн тавцанд улсынхаа далбааг хараад догдолж, зогссон таны баярт мөч хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэр үед “Би дахиад жаахан хичээсэн бол Төрийн дууллаа эгшиглүүлэх байлаа” гэж бодож зогссон доо. Намайг олон тэмцээн хүлээж байгаа. Миний хувьд энэ зорилгоо хэзээ нэгэн цагт биелүүлж, Монголынхоо үзэгчдийг баярлуулна. Ливерпүүлээс ирснийхээ дараа долоо хоног амраад л бэлтгэлээ үргэлжлүүллээ. Олон хоног бэлтгэл базааж, ДАШТ-д оролцсон болохоор гэртээ алжаал тайлахыг хичээсэн. Ингэж тухалсан өдөр надад тун ховор болохоор найз нөхөдтэйгөө уулзах зав гараагүй. Шигшээ багийнхан Өмнөд хөршийн Гуанжоу хотод хамтарсан бэлтгэл хийж, Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болох “Дэлхийн цом”-ын цувралын хаалтын тэмцээнд оролцох юм.
-Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулиас төрсөн дэлхийн медальтнуудын нэг нь таныг гэж сонслоо.
-Тийм ээ. Энэ сургуулиас төрсөн тив, дэлхийн медальтан цөөнгүй бий. Тухайлбал, боксын төрөлд надаас гадна “Бээжин-2008” зуны олимпын аварга Э.Бадар-Ууган, ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал нар тус сургуулийн төгсөгч. Миний хувьд одоогоор олон улсын тэмцээнд ид оролцож байгаа тул их, дээд сургуульд суралцах зав хараахан гарахгүй байна. Дөрвөн жил суралцахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно гэдэг хэцүү. Тулааны спорт тухайн тамирчнаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Тиймээс “Лос-Анжелес 2028” олимпод амжилттай өрсөлдөх зорилго тавьж, тамирчны карьертаа анхаарал хандуулсан. Хүн боловсрол эзэмшихэд хэзээ ч оройтохгүй.

-Танд бэлтгэлийн заал руу явмааргүй санагдаж, үеийнхээ хүүхдүүд шиг дуртай зүйлээ хийхийг хүсдэг өдрүүд байсан уу?
-Миний амжилтын зам дардан байгаагүй ээ. Өнгөрсөн хугацаанд халширч, амжилт гаргах эсэхдээ эргэлзсэн удаа ч цөөнгүй. Би өөрт тулгарсан асуудлаа хүмүүст тэр бүр яриад байдаггүй. Аль болох чимээгүй байж дотоод сэтгэлтэйгээ ярилцахыг хичээдэг. Дуртай спортдоо үлдэх үү, болих уу гэж олон хоног тээнэглэзэж бодсон хүнд үед уналт, босолтоос өөрийгөө хурцалж, урагшилсан өдрүүддээ би одоо талархдаг. Намайг шантарсан үед багш нар минь “Чи чадна аа. Ур чадвар чинь өдрөөс өдөр сайжирч байна. Үүнийгээ ч олон тэмцээнд батлан харуулсан. Чамайг дэлхийн тэмцээнээс медаль хүртэхэд хүмүүс гайхахааргүй болсон шүү дээ” гэж хэлдэг байсан нь зоригжуулж, рингэнд буцаан авчирч байлаа. Тамирчны амьдралд хөл тавиад олон жил болсон тул хэдийн дасчээ. Сонгосон зам минь спорт болохоор амаргүй бүхнийг даван туулж, сайхан бүхнийг нь мэдрээд л урагшилж байна.
-Ливерпүүлээс ирсэн даруйдаа шагналынхаа туузанд ДАШТ-ээс хүртсэн медалиа залав уу?
-Тийм ээ. Надад шагнал хүртээгүй нэг л тулаан байдаг юм. Тэр бол боксын шилдэг найман тамирчныг шалгаруулах тэмцээн. Би медалиа тоолдоггүй. Туузанд өлгөсөн шагналуудынхаа хамгийн дээр ДАШТ-ээс гардсан мөнгө, дараа нь “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс хүртсэн (нэг алт, гурван мөнгө) медалиалуудаа залсан. Араас нь өсвөр үеийнхний УАШТ-ээс авсан хошой алт, насанд хүрэгчдийнхээс хүртсэн хоёр алт, нэг мөнгөн медаль үргэлжилнэ дээ. Миний хувьд 2025 он мөнгөн медалийн даллагатай жил болж байна. Оролцсон тэмцээн бүрдээ финалд шалгарч, аваргын төлөө өрсөлдлөө. Тамирчин хүнд ийм боломж ховорхон тохиодог болов уу. Намайг боксоор хичээллэсэн цагаас дэмжин зөвлөж, оролцсон тэмцээн бүрд минь хамт байж, зөв чиглүүлэн амжилтаас атгуулсан хоёр багшдаа баярладаг. Тэднийхээ ачаар ДАШТээс мөнгөн медаль хүртэж, шилдгүүдийн эгнээнд багтлаа. Миний зорьж буй гол зүйл бол “Лос-Анжелес 2028” олимп. Би 50 кг-ын жинд ойрын хэдэн жилдээ тоглож, олимпын оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдөн, эрх авах бодол бий. Үүнээс хойш жин өгсөж өрсөлдөнө. Энэ ташрамд, тамирчдаа дэмжин олон улсын тэмцээнд оролцуулдаг “Алдар” спортын хорооны удирдлага Г.Өсөхбаяр, Монголын боксын холбооны ерөнхийлөгч М.Баянмөнх, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багш нартаа, мөн шигшээ багийнхаа тамирчдад талархсанаа илэрхийлье.