Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм” тайланг өчигдөр танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.9 хувиар өснө хэмээн төсөөлснийг энэхүү тоймд дурдсан байв. Зүүн Ази, Номхон далайн бүсийн ихэнх орны эдийн засаг өсөж эхэлжээ. Мөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч аажмаар саарах магадлалтай гэнэ. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын өөрчлөлт, бодлогын тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь голчлон нөлөөлжээ. Тиймээс эл бүс нутгийн улс орнууд дотоод бодлогын оновчтой шийдвэрээр дамжуулан урт хугацааны тогтвортой хөгжлийн замыг бий болгох хэрэгтэйг уг тайланд онцолсон байна. Тайланд дурдсанаар Вьетнам 6.6 хувийн өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж буй бол манай улс 5.9-өөр удаалж байгаа юм. Харин БНХАУ, Камбож, Индонезийн эдийн засаг тус бүр 4.8, Номхон далайн арлын орнууд 2.7, Тайланд хоёр хувиар өсөх төлөвтэй аж.
Мөн залуус ажил олоход хүндрэлтэй болж, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо бага хэвээр буй гэнэ. 2025-2026 онд 25 сая хүн ядуурлаас гарах төлөвтэй. Гэвч бүс нутгийн ихэнх оронд ядууралд өртөмтгий хүн амын эзлэх хувь дундаж давхаргынхнаас өндөр хэвээр байгаа аж.
У.Цэцэг