“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн түүхэндээ анх удаа Хятадын гүн дэх далайн боомт руу нүүрс арилжааллаа. Тодруулбал, тус компани уржигдар буюу энэ сарын 6-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 6400 тонн баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын Цао Фейдянь боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалсан байна. Монгол Улс өмнө нь Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа шинэ гарц нээж, өмнөд хөршийн зах зээлийн гүн рүү буюу гуравдагч орнуудтай хиллэдэг уг боомт руу хүргэж өгөхөөр болсон нь түүхэн ач холбогдолтой хэмээн онцолж буй.
Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хөбэй мужийн Таншань хотод байрладаг, Бээжингээс 220 км, Тяньжинаас зүүн хойд зүгт 120 км-т орших бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүсэд багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.
Г.Сансар