Эмийн нэр, төрөл, үнэ, өөрт ойр байрлах эмийн сангийн хаяг, байршлын мэдээллийг шууд харах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, em.hdc.gov.mn цахим системээр нэвтэрч, эмчийн бичиж өгсөн жорын дагуу тухайн эмийн мэдээллийг бүрэн гүйцэд авч болох нь. Эмийн хориглох заалт, хэрэглэх тун, заавар, найрлага зэрэг мэдээллийг байршуулснаас гадна эмийн сангийн ажиллах цаг, байршлыг газрын зураг дээрээс харж болох нь. Тухайн эмийн сан руу хэрхэн хүрэх зааврыг ч байршуулжээ. Мөн улсын хэмжээнд уг эмийг хэдэн эмийн сан, хаана, хэдэн төгрөгөөр худалдаж буй мэдээлэл ч ил болсон байна.
Дээрх цахим системд одоогоор 2605 эмийн сан, Монголд бүртгэгдсэн, идэвхтэй ашиглаж буй 2665 эмийн үнийн мэдээллийг газар зүйн байршлаар нь оруулсан аж. Уг системийг нэвтрүүлснээр иргэд үнийн хөөрөгдлийг хянах, эмийн мэдээллийг нягтлах, аль болох хямд өртөгтэй газраас худалдан авах боломж бүрдэж буй юм.