Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай тогтоолын төслийг баталлаа. Үүний хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх болон Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”- ийн төслийн танилцуулга, хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад баримт бичгийг ил болгож буй аж. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж, цаашид олон нийтэд ил тод байлгахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар эдгээр нүүрсний гэрээг шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж байсан билээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөл, уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг судлахыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Түүнчлэн Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэм мөн дууссан. Эл ажлынхаа тайланг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн мөн танилцуулсан аж. Үүний үр дүнд олон эерэг өөрчлөлт гарсан гэж үзжээ. Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахаар болсон байна.
С.Уул