УИХ-ын 50 гаруй гишүүн хамтран Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Мөн нөгөө талаас 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг спикерийн албан тушаал болон гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёс зүйн шаардлага тавьсан. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
-Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэсэн заалт бий. Үүний дагуу энэ сарын 7-нд нэр бүхий 50 гаруй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. УИХ уг асуудлыг 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Тогтоолын төсөл өргөн барьснаас гурван өдрийн дараа гэхээр баасан гаргаас Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэнэ. Эхлээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулна. Хуулийн хугацаатай учраас түүнд нь багтаад асуудлыг хэлэлцэн шийднэ.
-УИХ-ын даргыг албан тушаалаас болон гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж, шалгуулах шаардлагыг гишүүд бас тавьсан. Уг асуудал ямар процедураар өрнөх вэ?
-Одоогоор гишүүдийн зүгээс УИХ-ын даргыг огцруулахтай холбоотой ямар ч шаардлага, өргөдөл ирүүлээгүй. Тиймээс хариулах боломжгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг Улсын ерөнхий прокурор, эсвэл Үндсэн хуулийн цэцээс шууд УИХ руу оруулдаг.
С.Уул