Бүх шатны шүүхийн нийт шүүгчийн ээлжит III чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Шүүхийн тухай хуулийн дагуу уг чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулдаг юм. Манай улсад нийт 518 шүүгч ажилладаг аж. Тэд энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ. Мөн шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга, хариуцлагыг сайжруулах талаар илтгэл сонсож, санал бодлоо ярилцав. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгосон байна. Тус зөвлөлд анхан шатны шүүхээс найм, давж заалдах шатнаас зургаа, Хяналтын шатнаас нэг, нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Төрийн шүүгч хүн өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй” гэсэн юм.
С.Уул