Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон тухай шийдвэрээ нэгдсэн чуулганд энэ долоо хоногт танилцуулах байв. Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонхын шийдвэрээр уг танилцуулгыг ирэх долоо хоногт болгон хойшлуулсан байна.
Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьснаас нь гурав хоногийн дараанаас хэлэлцэж эхлэх хуулийн хугацаатай. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зүгээс “Сайд томилох эрх бүхий хүн буюу Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх гэж буй учраас үүнийг шийдсэний дараа танхимын гишүүний томилгоог ярья” гэсэн санал гаргаж, олонх дэмжсэн” гэсэн юм.