Хагас коксон шахмал түлшийг өчигдрөөс борлуулж эхэлсэн талаар Налайх дүүрэг дэх “Тавантолгой түлш”-ний үйлдвэрийн болон нийслэлийн мэргэ¬жилтнүүд мэдээлэл өгөв. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Манай улс энэ жил 306 мянган тонн хагас коксон шахмал түлж худалдан авах гэрээ байгуулсан. Энэ сард 62 мянган тонныг оруулж ирнэ. Сар бүр 50-60 мянган тонныг худалдаж авч, нэгдүгээр сарын сүүлч гэхэд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш бол 940 тонн нь хагас кокс. Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчид “Хотула” апп болон “Сайн” карт, эсвэл иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ худалдан авах боломжтой. Агаарын бохирдлын 55-56 хувийг нүүрс “үйлдвэрлэж” байна. Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувь бууруулах судалгаа гарсан. Шинжлэх ухааны академи, Химийн хүрээ¬лэнгээс эл судалгааг хийсэн юм. Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран агаарын бохирдлыг бууруулах судалгаа хийж, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан” гэв.

Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн Хадгалалт, борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл “Одоогоор манай агуулахад 12 мянган тонн коксон түлш бэлэн байна. Нийслэлийн долоон дүүргийн 23 агуулахад нөөц түлш бий. Өдөрт 30-60 вагон түлш бууж байгаа. Иргэд сайжруулсан болон хагас коксон түлшийг сонголтоороо хэрэглэх юм. Галлагааны хувьд сайжруулсан түлштэй адил. Гэхдээ илчлэг арай өндөр. Тухайлбал, сайжруулсан түлшний илчлэг 5500 ккал/кг бол коксон түлшнийх 6100-6300 ккал/кг. Дулаанаа есөн цагийн турш барьдаг давуу талтай. Гэхдээ хэт халж, ул ширэм, зуух хайлуулна гэсэн зүйл байхгүй. Коксон түлшийг цэгүүдэд тээвэрлэх явц 30 хувьтай байна. Нийт 306 мянган тонн хагас коксон түлш худалдаж авахад 206 тэрбум төгрөг зарцуулна” гэв.

Ч.Болор