Татварын дарамт нэмэгдсэн, төрийн оролцоо эдийн засагт хэтих болсон зэргээс үүдэн Монголд бизнесийн орчин сүүлийн жилүүдэд улам бүр доройтож, хувийн хэвшлийн орон зай хумигдсан тухай холбогдох байгууллагууд байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Улаанбаатар хотын худалдааны танхим, Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим, “CEO” клуб, Монголын даатгалын зах зээлийн холбоо, Монголын сав баглаа үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Бизнесийн зөвлөл хамтарсан мэдэгдэл хийж, өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Бизнес эрхлэгчдийн нэр төр, үйл ажиллагаанд улс төрчид санаатайгаар халдаж, өөрсдийн бохир улс төрийн акц, эрх ашигтаа хувийн хэвшлийнхнийг хүчээр татан оруулж, холбон гүтгэх болсон тул энэ байдлаа даруй зогсоохыг тэд шаардсан юм.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Татвараа төлөөд, Монгол Улсын 1.1 сая хүнийг ажлын байраар хангаад, ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэж буй үндэсний аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг улс төрийн явцуу эрх ашгаа хангаж, хамгаалахын тулд хэлмэгдүүлж, элдвээр цоллож, гүтгэдэг байдал хэрээс хэтэрч байна. Намын дотоод асуудлаа улс орныхмэт улстөржүүлж, татвар төлөгчдөө хүртэл үүндээ хавчуулан гадуурхаж, нийгэмд сөрөг ойлголт өгч, нэр төрд нь халдаж болохгүй” гэлээ.
Тэгвэл МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Монголын эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар сүүлийн 20 гаруй жил улстөржилтийн гол бай болж ирсэн. Улс төрийн намууд нь буруу ташаа мэдээлэл тарааж, салбарыг бүхэлд нь үгүйсгэх, харлуулах ажиллагаа өнөөдөр хэрээс хэтэрлээ. Улстөржилтөөс болж салбарын тогтвортой хөгжил ухарч, үйл ажиллагаа нь тодорхой бус байдал руу орж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарлаа. Нүүрсний хулгайг энэ салбараас салгаж ойлгох хэрэгтэй. Хувийн хэвшлүүд татвараа төлөөд явж байгаа. Харин тэр төвлөрүүлсэн татварын орлого, төсөвт хяналт тавих, түүний зарцуулалтад иргэний нийгэм, олон нийт өөрсдөө анхаарч үзэх цаг нь болсон. Төсөв болон төрийн өмчит компаниудад хулгай бодитоор байдаг гэдгийг бид хангалттай харлаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Г.Сансар