БНХАУ татварын хяналт, шалгалтыг сайжруулах хүрээнд энэ сарын 1-нээс шинэ журам хэрэгжүүлж эхэлснээр гуравдагч этгээдийн экспортын баримт бичгийг худалдан авах, ашиглах замаар гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан хуулийн цоорхойг арилгах нөхцөл бүрджээ. Тодруулбал, өмнөд хөршийн МХЕГ-аас өнгөрсөн долоодугаар сард экспортын аж ахуйн нэгжүүдийг ААНОАТ-аа ил тод, зөв тайлагнах, урьдчилгаа төлбөрийн мэдүүлгийг оновчтой болгох тухай мэдэгдэл гаргасны дагуу шинэ журмаар шаардлагаа чангатгасан байна. Ингэснээр Хятадаас бүх төрлийн барааг Монгол руу авчирч зардаг импортлогчид, “задгай карго” нэрээр гаалийн татвар төлөхгүй, эсвэл маш бага төлбөртэй оруулж ирдэг ачаанууд саатаж, Эрээн дэх худалдааны зууч компаниуд, тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгчдэд багагүй хүндрэл учирчээ.
“Эрээн дээр Монголын ачаа бараа бөөгнөрч эхэллээ. Хятадууд гадаад худалдаанд ногдуулдаг экспортын татвараа нэмсэн байна” гэх мэт гомдол, мэдээлэл сүүлийн үед нэлээд гарч буй. Тэгвэл энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү өчигдөр албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр “Хоёр улсын хооронд импорт, экспортын тариф тогтоохдоо зайлшгүй Засгийн газар хоорондын хэлэлцээр хийдэг. Монгол Улс, БНХАУ-ын хооронд импорт, экспортын шинэ тариф тогтоох хэлэлцээр хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн татварын шинэ журмаар Хятадын импорт, экспорт хийх эрхгүй жижиг, дунд үйлдвэрлэгчид иргэдэд буруу зөрүү ойлголт өгч, зуучлалын хөлсөө нэмэх асуудал гаргасан байна. Тээвэр ложистикийн компаниуд томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ бичиг баримтаар Монгол болон бусад улс руу гадаад худалдаа хийдэг, хооронд нь зуучилдаг байсан нэмэлт орлого нь үгүй болмогц ийм төөрөг дүүлсэн мэдээлэл цацсан. Тиймээс цаашид манай гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэг-жүүд Хятадын ч бай, Монголын ч бай, албан ёсны эрхтэй компаниудаар дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах, тээвэрлэх шаардлагатай болсон” хэмээн ярив.
Л.Аргамжин