Телеграм, фэйсбүүк ашиглан бусдыг залилсан хэрэгт холбогдуулан 43 настай Б.Түвшинтунгалаг гэх эмэгтэйг өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс цагдаагийнхан баривчиллаа. Тэрбээр фэйсбүүкт хуурамч зар оруулан, сугалаа зохион байгуулж байснаас гадна телеграмаар даалгавар гүйцэтгүүлэн залилсан байж болзошгүй нэгэн аж. Тодруулбал, Баянгол, Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс 3-5 сая төгрөг телеграмаар онлайн ажил хийлгэнэ хэмээн залилсан хэрэгт холбогдсон байна. Б.Түвшинтунгалаг нь сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэнэ.