Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн дэргэд “Шунхлай” шатахуун түгээх станц байрладгаас үүдэн хүүхдүүд өдрийн туршид шатахуун үнэрлэж, улмаар толгой нь өвдөн, дотор муухайрах болжээ. Үүнтэй холбогдуулан сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл “Баянзүрх дүүрэгт шатахуун түгээх станцтай ойрхон байрладаг таван сургууль бий. Тэдгээрээс хамгийн аюултай орчинтой нь 14 дүгээр сургууль. Гэтэл энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулаад бараг 10 жил болсон. Хүүхдүүд минь үргэлж шатахуун үнэрлэсний улмаас хичээлдээ ч төвлөрч чадахгүй, толгой нь өвдөх болсон. Тиймээс “Шунхлай” шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүл, эсвэл үйл ажиллагааны чиглэлээ өөрчил гэж сургуулийн захиргаа болон эцэг, эхчүүдээс удаа дараа шаардлага хүргүүлсэн. Улмаар хотын дарга Х.Нямбаатарын тамга тэмдэгтэй захирамж гарсан. Гэвч эл шатахуун түгээх станц өнөөдрийг хүртэл нүүсэнгүй. “Шунхлай” группийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг битгий зөрчөөч. Сургуулиас гадна зам дагуу маш олон аж ахуйн нэгж, орон сууцын хороолол бий” гэв.