Энэ оны физиолог, анагаах ухааны Нобелийн шагналыг Мэри Э.Брунков, Фредерик Рамсдел, Шимон Сакагүчи нар “Хүний эрүүл эд эсийг устгахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизм болох “Т” эс, түүний үйл ажиллагааг нээсэн” бүтээлээрээ хүртлээ. Тэдний нээлт дархлааны тогтолцоо хэрхэн ажилладаг, аутоиммунийн өвчнийг яагаад хүн бүрд тусдаггүйг ойлгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэмээн Нобелийн хорооны дарга Олле Кемпе тэмдэглэсэн байна. Энэ нээлтийн үр дүнд одоо эмнэлзүйн туршилтын үедээ байгаа эмчилгээний шинэ аргуудыг боловсруулжээ. Хүний дархлааны эсүүд өөрийн эрүүл эсүү¬ дийг устгаснаас “аутоиммун” өвчнүүд үүс¬дэг аж. Анагаах, хорт хавдрын эсүүдийг “Т” эсээр устгуулж, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа үүсэх ноцтой хүндрэлээс ангижруулж, урьд¬ чилан сэргийлэх боломж олгоно гэж үзэж буй юм байна.
Мэри Э.Брунков Вашингтон мужийн Сиэтл хотын биологийн, Фредерик Рамсдел Калифорни мужийн Сан-Франциско хотын хорт хавдрын судалгааны хүрээлэнд тус тус ажилладаг, Шимон Сакагүчи Японы Осака хотын их сургуулийн профессор юм. Хатагтай Мэри Э.Брунков 1961 онд төрж, Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Фредерик Рамсдел нь 1951 онд төрж, Калифорнийн их суруульд докторын зэрэг хамгаалаад, Сан-Франциско хотын “Sonota Biotherapeutics” компанид эрдэм судлалын зөвлөхөөр ажиллаж байна. Шимон Сакагүчи 1951 онд төрсөн, Киотогийн их сургуульд хоёр удаа докторын зэрэг хамгаалж, гавьяат профессор болжээ.
Дархлааны тогтолцоо нь хувьслын том ололт юм. Энэ ололт эргэн тойронд байдаг, организмд маань нэвтрэн орохыг хичээгч олон мянган янзын вирус, бактериас биднийг хамгаалж байдаг аж. Уг тогтолцоогүйгээр бид амьдарч чадахгүй. Бидний эрүүл мэндэд заналхийлэгч микроб их олон янз байдаг. Тэдний нэлээд нь хүний эд эстэй төстэй байх нь ч бий. Бидний дархлааны тогтолцоо урьд өмнө нь үзэж байснаас ч илүү нарийн төвөгтэй зүйл аж.
Шимон Сакагүчи өөрийн анхны гол нээлтээ 1995 онд хийжээ. Тэрбээр дархлааны эсүүдийн мэдэгдээгүй байсан зэрэглэлийг нээсэн юм. Энэ эс нь аутоиммуний өвчнөөс хүний организмыг хамгаалдаг байна. Өөр нэг чухал нээлтийг Мэри Брунков, Фредерик Рамсдел нар 2001 онд хийжээ. Хоёр жилийн дараа Сакагүчи эдгээр нээлтийг нэгтгэж чадсан байна. Мэри Брунков, Фредерик Рамсдел нар “Foxр3” гэж нэрлэсэн ген эсийн хөгжлийг удирдаж байдгийг тэрбээр нотолжээ. Энэ нээлт хорт хавдар болон аутоиммун өвчнүүдийг анагаах эмчилгээний аргыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан гэж үздэг. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах ажилд ахиц гаргахад ч нөлөөлжээ.
Өнгөрсөн онд энэ салбарын Нобелийн шагналыг Америкийн Виктор Эмброс, Гэри Равкан нарт олгосон байна. 1901-2025 онд физиологи, анагаах ухааны салбарын нийт 229 хүн энэ шагналын эзэн болоод байгаа юм. Шагнал авахуйц нээлт, бүтээл хоёр байвал тэнцүү хувааж өгч байхаар Нобелийн сангийн дүрэмд заажээ. Шагнал авах нэг ажлыг 2-3 хүн хамтарч хийсэн бол хамтад нь олгоно. Өнгөрсөн хугацаанд анагаах ухааны салбарт 39 шагналыг нэг, 36-г хоёр, 39-ийг гурван хүнд хуваан хүртээсэн байна.
Физиологи болон анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг 1915-1918, 1921, 1925, 19401942 онд буюу есөн удаа өнжсөн байна. Дүрэм ёсоор бол нэр дэвшүүлсэн нэг ч ажлыг шинжээчид шагнал хүртээх болзол хангаагүй гэж үзвэл шагналын санг дараа жил болтол хадгална. Өгүүлж буй салбарын шагнал хүртэгчдийн 13 нь эмэгтэй хүн байв. Тэднээс 1983 онд Барбара Макклинток хамтрагчгүйгээр ганцаар авчээ. Энэ салбарт 1923 онд шагнал авсан Фредерик Г.Бантинг 31 настай байсан нь хамгийн залуу Нобелийн шагналтан болжээ. Хамгийн өндөр настайдаа шагнал хүртсэн нь Пейтон Роус, 1966 онд тэрбээр 87-той байж.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч хатагтай Мария Корина Мачадод 2025 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртээхээр болжээ. “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг урагш ахиулахын төлөөх түүний цуцашгүй хөдөлмөр, дарангуйллын дэглэмээс ардчилалд шударгаар, энх амгаланаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлж энэ шагналыг олгохоор шийдвэрлэв” гэж Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлсэн байна. Сонирхуулахад, Нобелийн энх тайвны 112 дахь, эмэгтэйчүүдээс 20 дахь шагналтан нь Ма-чада болж байгаа юм.
Мария Корина Мачадо 2024 онд Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс ганцаар нэр дэвшсэн ч эрх бариг¬ чид саад хийсэн байдаг. Урьдчилсан санал хураалтаар сөрөг хүчнийхний 90 хувь нь дэмжсэний дотор хоорондоо эв түнжин муутай намууд ч орсон байж. Гэтэл Венесуэлийн эсрэг тавьсан хоригийг дэмжсэний улмаас Мачадог 15 жил сонгуульд оролцохыг эрх баригчид нь хориглосон байна. Тэрбээр шүүхэд гомдол гаргасан ч Ерөнхийлөгч Мадурогийн талынхны үгээр ажилладаг Дээд шүүх нь хайхарч үзсэнгүй.
Мачадо сонгуульд мониториг хийх “Sumate” гэдэг байгууллага үүсгэж, улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус байгууллага тухайн үед Төрийн тэргүүн байсан Уго Чавесийг хугацаанаас нь өмнө огцруулахаар бүх нийтийн санал хураахын төлөө 2004 онд өрнүүлсэн гарын үсэг цуглуулах кампанийг удирджээ. Санал хураасны дараа Уго Чавес суудалдаа үлдэж, хөдөлгөөний Мачадо тэргүүтэй зохион байгуулагчдыг эх орноосоо урвасан гэж буруутгасан ч уг “хэрэг” шүүхэд очсонгүй.
2010 онд Мачадо өрсөлдөгчдөөсөө давуу санал авч Үндэсний ассамблейн (парламент) гишүүн болов. Үүнийг Чавесийн засаглалаас залхаж, өөрчлөлт хийхэд венесуэлчүүд бэлэн болсны илэрхийлэл гэж Мачадо үзэж байлаа. 2011 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд нь олон түмэн “сөрөг хүчний шинэ нүүр царай” гэж нэрлэж байсан ч урьдчилсан сонгуульд “уначихжээ”.
2014 онд шинэ Ерөнхийлөгч Николас Мадурогийн талынхан түүнийг хүчээр парламентын гишүүнээс чөлөөлөв. Энэ ондоо Мадурогийн засаглалын эсрэг тэмцлийн удирдагч болов.
2023 онд Мачадо Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож даагаа нэхэх бодолтой бай тал Венесуэлийн ерөнхий хянагч нь түүний эрхийг 15 жилээр хасаж орхив. Мадурог Ерөнхийлөгч болсны дараа Венесуэлийн эсрэг тавьсан хоригийг Мачадо дэмжсэн нь ийм шийдвэр гаргах шалтгаан болсон аж.
2018 онд ВВС Мачадог “100 эмэгтэй”-н нэг болгож, “Time” сэтгүүл манай гаргийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн тоонд оруулжээ.
Альфред Нобелийн гэрээсэлснээр түү¬ ний нэрэмжит энх тайвны шагналыг “Хүн төрөлхтний тусын тулд бусдаас илүү сайн үйлс бүтээсэн, ард түмнүүдийн хооронд ах дүүсэг харилцаа тогтоох, армийг татан буулгах, тоог нь цөөлөх үйлсэд хувь нэмрээ оруул¬сан, энх тайвныг дэмжиж суртал нэвтрүүлэг явуулсан” хүн хүртэх ёстой юм. Мария Корина Мачадог чухам ийм үйлстэн, гавьяатан гэж үзсэн байна. “Венесуэлийн ардчилсан хөдөлгөөний удирдагч, сүүлийн үед Латин Америкт иргэний эр зоригийн хамгийн гайхалтай үлгэр жишээ болж буй. Тархай бутархай байгаад чөлөөт сонгууль, олонхын засаглал тогтоох шаардлагад нийтлэг хөрс суурь болсон улс төрийн сөрөг хүч¬ нийг нэгтгэсэн гол хүн нь Мачадо юм” гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.
Мачадо 2010 онд парламентын гишүүн болоод Засгийн газраа авлига, хүний эрхийн зөрчилд буруутган, хатуу шүүмжилж байв. Уго Чавесийн дэглэмийг нацист засаглалтай адилтгаж үздэг байв. 2012 онд өөрийн гэсэн улс төрийн “Vente Venezuela” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, тэр нь тун удалгүй залуу¬ чууд хийгээд дунд ангийнхны өргөн дэмжлэг хүлээх болжээ.
2023 онд сөрөг хүчний эвслээс зохион байгуулсан урьдчилсан санал хураалтаар Мачадо 92 хувийн санал авч ялсан ч сонгуульд оролцох эрхийг нь хассан тул өөрийнхөө оронд Эдмундо Гонуалес Уррудтигийн нэрийг дэвшүүлэв. Сонгууль 2024 оны зун болж, Гонуалес 67, Николас Мадуро 30 хувийн санал авсан аж. Гэвч Үндэсний сонгуулийн зөвлөл нь Мадурог 51 хувийн санал авч ялсанд тооцов.
2024 оны Нобелийн энх тайвны шагналыг Японы “Hihon Hidankuo” байгууллага авсан. Энэ оны Нобелийн долоо хоног ийнхүү дуусаж байна. Нобель биш, Шведийн Төрийн банк ХХ зууны дунд үеэс бий болгосон номинац болох эдийн засгийн салбарын шагналтныг өчигдөр (аравдугаар сарын 13-ны даваа гарагт) тодруулсан байх ёстой.
Р.Жаргалант