Евразийн бүс нутгийн авьяастнуудыг тодруулах зорилготой “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны шалгаруулалт уржигдар болж, дуучин Ж.Мишээл ялагчаар тодорлоо. Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, БНХАУ, БНСУ, Малайз, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг 12 орны уран бүтээлчид өрсөлдөж буй эл уралдааны эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 20нд болсон бөгөөд нийт 10 долоо хоногийн турш үргэлжлэх юм. Харин финалын шатны шалгаруулалт ирэх сарын 22-нд болох аж.
“My voice” шоунаас урлагийн гараагаа эхэлсэн Ж.Мишээл өнгөрсөн хавар СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тэрбээр “Bad blood”, “Legend of love”, “Жаргалтай хос” зэрэг бие даасан уран бүтээлээс гадна “Никитон” хамтлагийн “Амьдрал”, Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Чи минь” тэргүүтэй олон хит дууг өөрийн хэв маягаар олны хүртээл болгосон билээ.
У.Цэцэг