УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн 33:35-аараа талцаад буй. Эхний хэсэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг, бусад нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн бариад байна. Ийнхүү талцсан учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр долоо хоног дараалан хуваарьт хуралдаанаа хийсэнгүй. Тиймээс бүлгийн нийт гишүүний олонх болох 38 хүн “16.00 цаг гэхэд хуралдаанаа яаралтай хий” гэсэн шаардлагыг дарга Ж.Бат-Эрдэнэд өчигдөр хүргүүлсэн юм. Нөгөө талд нь бүлгийн дарга нь хоёр талцсан хэсгийг эвлэрүүлэх оролдлого хийж, огцруулах албан бичгүүдээ буцаан татуулах шийдэл хайж яваа аж. Гэхдээ хуралдааныг өнөөдөр 12.00 цагаас зарлажээ. Харин МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь ахин хүлээхийг хүссэнгүй, өчигдөр 17.30 цагт дэд даргаараа удирдуулан хуралдсан юм. Тэдний байр суурийг хүргэе.
Н.НАРАНБААТАР: УДИРДАХ ЗӨВЛӨЛ БИШ, БҮЛЭГ УЛС ТӨРИЙН БАЙР СУУРИА НЭГТГЭХ ЁСТОЙ
-Манай бүлэг хоёр дараалан хуралдсангүй. Өнгөрсөн долоо хоногт хуралдаанаа хийгээч гэсэн шаардлагыг цөөн гишүүн тавьсан. Даваа гарагт бас бүлгийн хурлыг зарлаагүй учраас өнөөдөр нийт гишүүний олонх болох 38 хүн нэгдээд Ж.Бат-Эрдэнэ даргад шаардлага хүргүүллээ. “Удирдах зөвлөл эхлээд хуралдах ёстой” гэсэн албан бус тайлбар байгаа. Гэхдээ УИХ дахь бүлэг, намын Удирдах зөвлөл тусдаа. Засгийн газар, УИХ-ын даргыг огцруулах, эсэх асуудлаар бүлэг эхлээд улс төрийн байр сууриа гаргах ёстой. Мөн ирэх оны улсын төсвийг хэлэлцэн батлах учиртай. Өвлийн бэлтгэлээ хангах талаар яримаар байна. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) 16.00 цагт бүлгийн хуралдааныг зарлахыг шаардсан. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол бид дэд даргаараа удирдуулаад хуралдана. МАН-ын бүлэг дөрвөн дэд даргатай.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЭХЛЭЭД ЗӨВШИЛЦӨХГҮЙ БОЛ ХООСОН ХЭРҮҮЛ Л БОЛНО
-Улс төрийн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж буй. Манай бүлгийн гишүүд хоёр талаас нэг нь Ерөнхий сайдыг, нөгөө нь УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьчихсан байгаа. Бүлгийн даргын хувьд би эхлээд эдгээр бичгийн учрыг олж, талуудыг уулзалдуулах үүрэгтэй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын “виза”-гүйгээр огцруулах бичиг өргөн барьсан хүмүүс нь хоорондоо учраа олох уу. Бүлгийн хурал дээр хоосон хэрүүл л болно шүү дээ. Тиймээс би эвлэрүүлэх гээд явж байна. Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Төрийн тэргүүн намын дотоод асуудалд оролцохгүй ч эрх баригч МАН улс төрийн тогтворгүй байдалд ороод байгаа талаар түүнд мэдээлэл өгөх ёстой. Ерөнхий сайд, УИХ-ын даргатай ч уулзсан. Хоёр тал хоорондоо зөвшилцөөд, огцруулах бичгүүдээ буцаан татаасай гэж бодож байгаа. Тэгвэл улсын төсөв, төрийн бусад ажилдаа төвлөрөөд явна.
Манай намын Их хурал ирэх сарын 15-нд болно. Олон зүйл давхцаж байна. Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар улс төрийн байр сууриа гаргах ёстой ч хуралдахгүй байна. Тэдний дараа бүлэг хуралдах ёстой гэсэн байр суурьтай байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай ч би уулзсан.
С.Уул