Манай орны нийт нутгаар өнгөрсөнөдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан бол өнөөдрөөс эхлэн зарим аймагт их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарахыг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 15-16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, шуурах аж. Мөн Баян- Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл зэрэг найман аймагт уржигдар цас орсны улмаас орон нутгийн зам халтиргаа, гулгаа ихтэй байгаа гэнэ. Иймд замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, халтиргаа, гулгаанаас сэргийлэн хурдаа тохируулан зорчихыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөө жил 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөснөөс өдгөө 60-70 хувийг хангаад буй гэнэ. Харин давсны нөөцөө бүрэн хангажээ. Мөн нийслэлийн хэмжээнд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 111 машин, техникээр энэ онд парк шинэчлэлт хийсэн байна.
У.Сүрэн