“Боловсрол бол зөвхөн сурах биш, соёл, тархины хөгжил, сэтгэл судлал, эрүүл мэнд хүртэл үүнд хамааралтай” хэмээн боловсролыг арай өөр өнцгөөс тайлбарлах түүнийг Ц.Алтансор гэдэг. Тэрбээр МУИС-д олон улсын сэтгүүл зүй, Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсанаас гадна АНУ-ын Калифорни их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистр хамгаалжээ. Өдгөө Харвардын их сургуульд сэтгэл судлалын магистрт суралцаж байна. 16 настайгаасаа англи хэлний сургалтын төвүүдэд багшлах болсон тэрбээр зүрх сэтгэлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2016 онд “Q education group”-ийг үүсгэн байгуулсан юм. Түүнтэй зүрх сэтгэлийн боловсролын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс зүрх сэтгэлийн боловсрол гэж ярих болсон. Энэ ойлголтыг та дэлгэрүүлж өгөхгүй юү, чухам юуг хэлээд байна вэ?
-Үг сонголтын хувьд зүрх сэтгэлийн боловсрол гэдэг нь монгол хүнд илүү ойр сонсогдож байгаа болов уу. Цаад агуулга нь сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн боловсролын тухай юм. Хүн аливаа мэдээллийг хамгийн түрээнд мэдрэхүйгээрээ хүлээн авдаг. Жишээлбэл, харах, үнэрлэх, амтлах, сонсох, хүрэлцэх мэдрэхүйгээр дамжуулан гадаад орчноос мэдээлэл авдаг. Эдгээр мэдээллийг тархи боловсруулж, оюун ухаан, сэтгэл хөдлөлийг удирддаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөл нь мэдрэхүйгээр дамжин ирж буй учраас үүнийг ойлгож, удирдаж чадсанаар зөв шийдвэр гаргах юм. Гэтэл ихэнх тохиолдолд хүн сэтгэл хөдлөлөө анзаардаггүй, зүрх сэтгэлийн асуудлыг хойш тавиад илүү логикт тулгуурлан, оюун ухаанаараашийдвэр гаргадаг. Хэдий тархи аливааг оюун ухаанаар шийдвэрлэдэг ч зүрх сэтгэл, сэтгэл хөдлөл бүрд оролцдог. Суралцахуйн үйл явцад хүртэл сэтгэл хөдлөл оролцдог. Бидний бодол, үйлдэлд сэтгэл хөдлөл оролцдог учраас үүнд илүү ухамсартайгаар хандахгүй бол автах магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлгүй амьдралд өрнөл гэж үгүй. Бид боловсролыг сургуулиас авдаг ч сэтгэл хөдлөлийн талаарх ойлголтыг зааж өгдөггүй. Буруу шийдвэр, алдаа, гэмт хэрэг, хулгай, дээрэм, хүчирхийлэл, хувиа хичээсэн үйлдэл гаргах нь бүгд сэтгэл зүрхний боловсролтой шууд холбогддог.
-Сэтгэл хөдлөлөө удирд, нөгөө талаас мэдрэмжээ илэрхийл гэдэг. Энэ нь хоорондоо зөрчилдөж байгаа юм биш үү?
-Сэтгэл хөдлөл гэдэг нь emotion гэдэг үгнээс гаралтай буюу биед болдог үйл явц. Өөрөөр хэлбэл, бие махбодод сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд явагддаг. Харин мэдрэмж нь илүүтэй оюун санаанаас “төрдөг”. Хүн биедээ мэдрэгдэж байгаа сэтгэл хөдлөл болгоноо мэдэх бас албагүй. Гэхдээ мэдрэхгүй өнгөрөөд байвал өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй гэсэн үг. Биед үүссэн сэтгэл хөдлөлийн үйл явцыг оюун санаандаа тусгаж аваад мэдрэмжээ ойлгох нь чухал. Тухайлбал, “Ийм зүйл намайг тавгүй болгодог, үүнд догдолдог, талархдаг” гэх мэтээр нэг ёсондоо өөрийгөө таньж мэдэх үйл явцыг боловсролоор дамжуулан авснаар өөрийгөө ойлгох чадвартай болно. Өөрийгөө ойлгосон хүн сэтгэл хөдлөлөө илүү сайн удирдах, тэнцвэртэй байлгах, аашлаад бусдын сэтгэл хөдлөлийг ойлгодог болдог. Тухайлбал, уур амьсгалыг мэдэрдэг, үг, үйлдэлдээ ач холбогдол өгч, дүгнэж эгнэдэг байх нь. Ингээд ирэхээр нийгмийн болон бусадтай харилцах харилцаанд эерэг үр дүн гардаг.
СЭТГЭЛ ЗҮЙ НЬ ТӨЛӨВШСӨН ХҮН ХОХИРОГЧ, ХОХИРООГЧ БОЛДОГГҮЙ
-Бага наснаас энэ чадварт суралцуулснаар амьдралд нь ямар өөрчлөлт гарах бол?
-Хүүхдэд 2x2 тэнцүү дөрөв гээд зааж өгдөг шүү дээ. Үүнд хүүхдүүд тархиа ажиллуулахгүйгээр маш хурдан хариулдаг. Тархи байнга хөгжиж байдаг бөгөөд шинэ мэдээлэл бүрд холбоос үүсгэдэг. Мөн багад нь шүдээ угаахыг заагаад өгчхөөр амьдралын хэв маяг болчихдог. Тэгвэл та уурласан үедээ ус уухаар тайвширдаг гэж сонсож байсан уу. Уурлаж, бухимдсан үедээ ус уудаг уу. Гэтэл өнөөдөр хүмүүс уурласан үедээ муухай үг хэлдэг, хашхирдаг, нэгнээ гомдоодог, таагүй уур амьсгал бүрдүүлж, зөрчил, маргаан дэгдээдэг. Тэгвэл биед болж буй үйл явцыг таниад, тухайлбал, уурласан үед хамаг юм дээш хөөрч буй мэт, эсвэл зүрх хурдан цохилдог гэдгээ мэдэрдэг бол үүнийгээ таньж мэдээд хашхирахыг сонгохоос илүү бусад зөв аргуудыг хэрэгжүүлж болно. Жишээ нь, ус уух, гүнзгий амьсгал авах, 1-10 хүртэл тоолох, “Хоёулаа тайвшраад ярилцъя” гэж хэлэх зэргээр уур бухимдлаа дарах аргыг хүүхдэдээ багаас нь зааж өгснөөр амьдралын дадал хэвшил болгож чадна. Хүмүүс энэ тухай мэддэг ч яагаад хэрэгжүүлж чаддаггүй вэ гэхээр дадал болтлоо суулгаж өгөөгүй, тархинд нь энэ үйлдлийг дандаа хийдэг холбоос үүсээгүйтэй холбоотой. Тиймээс өмнөх зам буюу уурлах, хашхирахыг сонгодог.
-Хэрэв хүн бүр сэтгэл хөдлөлөө удирдаж, аливаад хүлээцтэй, тайван ханддаг болчихвол сайхан л юм.
-Монголд хүнийг стресстүүлж чадаж байна. Өглөө босоход л сошиалд хэрүүл маргаан, хов жив дүүрэн. Энэ нь бусдын сэтгэл зүйд халдварлаж байна. Эргээд нийгмийн сэтгэл зүйг унагаадаг. Хар бараан зүйл их байвал нийгмээрээ автдаг. Харин зүрх сэтгэлийн боловсролоор дамжуулан бусдаар өөртнөлөөлүүлэхгүй байх хүчтэй сэтгэл зүйг суулгаж өгөх чадварыг олгодог юм. Амьдрал, нийгэм ямар ч байж болно. Асуудал хэзээ ч дуусахгүй. Хүн ер нь асуудалтайгаа л амьдардаг. Тиймээс хүүхдийг багаас нь сэтгэл зүйн хувьд тогтвортой, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таньдаг, тайвшрах аргад сургавал аливаад амархан автахгүй. Тухайлбал, хэн нэгэн “Чи арчаагүй, юу ч хийж чадахгүй” гээд хэлчхээр “Би юу ч хийж чадахгүй юм байна” гээд сэтгэлээр унах биш, даван туулах хаттай болдог. Тэгэхээр сэтгэл зүйн боловсрол гэдэг дан ганц энэрэх, хайрлах, нинжин сэтгэл бус, өөрөө өөрийгөө хамгаалах чадварыг суулгадаг юм.
-Бусдыг тухтай байлгах гэж өөрийгөө тухгүй болгож болохгүй биз дээ?
-Тийм ээ. Чи онц сурвал, гэрээ эвэрлэвэл сайн хүүхэд, харин алдаа гаргавал загнаж, шийтгэдэг хүмүүжлийн арга барилаас болж бусдыг л баяр жаргалтай, хайрыг нь татах, таалагдахын тулд, гоё мэдрэмж өгөхийн төлөө амьдардаг болдог. Бусдыг тухтай байлгахын тулд өөрийгөө тухгүй болгодог хүн өөнгүй. Бусдыг ойлгох, хайрлах, нинжин сэтгэлээр хандах боловч өөрийн сэтгэл ямар байна, таалагдахгүй бол “Уучлаарай, таалагдахгүй байна” гэж хэлэх зоригтой, үүнийхээ төлөө тууштай, аливаа зүйлийг даван туулах чадвар, сэтгэлийн хат гэдгийг зүрх сэтгэлийн боловсролоор олгох юм. Өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлийн боловсрол гэхээр л зөөлөн байх, үргэлж бусдыг бодох тухай ойлголт бас биш. Сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой, өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах чадвартай хүн бусдыг сайн ойлгож чаддаг. Бусдыг ойлгоно гэхээр тэр хүнийг бодоод шаналаад, өөрийгөө хохироох биш. Сэтгэл зүйн хувьд төлөвшиж, тайван, хүчтэй болоод ирэхээр ямар нэгэн зүйлд хохирогчийн байр суурьт хэзээ ч очихгүй. Мөн хэн нэгнийг хохироож, хүчирхийлэл үйлдэхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч, хохироогчийн сэтгэл зүйтэй болохгүй гэсэн үг.

-Өсвөр үеийнхэн, залуус сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь харьцангуй сайн болсон мэт санагддаг. Гэхдээ харгис нийгмийг бүтээж байна гэх шүүмжлэлч дагуулдаг. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Хүүхдүүдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй нь буруу биш. Өөрийн орон зай, өөртөө үнэнч байгаагийн илрэл. Нөгөө талаас хүүхдээ хүмүүжүүлэхдээ хязгаар тогтоох гэж зүйл байдаг. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулдаг эцэг, эх бол ийг нь ойлгож, ууртай, эерэг, сөрөг бүх мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гэхдээ үүнд хязгаар, сахилга бат тогтоохыг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, хоёр туйл руу яваад байна. Одооны хүүхдүүдийг хэт их ойлгож байна гээд эцэг, эхчүүд өөрсдөө залхуу болчихсон. Дасгалжуулна гэдэг нь сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрнө, гэхдээ болох, болохгүйн зааг, ялгааг сайн хэлж, өгч ойлгуулах юм. Үүнийг гэр бүлээс гадна боловсролоор дамжуулан хүргэх ёстой. Бидний үеийнхэн “хатуу гар”-аар өссөн, сэтгэл хөдлөлөө огт илэрхийлдэггүй хүмүүс. Гэтэл үр хүүхэд нь сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлээд байхаар хатуурхаж, хүлээн зөвшөөрөхгүй байх нь түгээмэл. Үүний улмаас эцэг, эх, хүүхдүүдийн дунд зөрчил маргаан үүсэж, харилцаанд нь хана бий болдог. Яваандаа хүүхэд аав, ээждээ мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хуваалцахаа больчихдог.
-Эцэг, эхчүүд нь завгүй, багш нар нь хичээлээ заахаас илүү гардаггүй. Хүүхдүүд ихэнхдээ дэлгэц дотор “амьдарч” байна. Нийтээрээ хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж буйтай та санал нийлэх үү?
-Бүгд л адилхан аг наргүй ажиллаж, мөнгө олохын төлөө зүтгэж байна. Гэхдээ хүүхдийн насны онцлогт тохируулан зориулах аг гэж байдаг. Өдөржин хамт байснаар, бүх агаа зориулснаар (ийм ч шаардлага ч байдаггүй) сайн аав, ээж болдоггүй. Жишээ нь, нэг өдөрт зарцуулах 20-30 минутыг маш чанартай өнгөрүүлэх нь чухал. Хэчнээн завгүй байлаа ч хүүхдээ унтахаас нь өмнө гэртээ очдог л байх. Тэр хугацааг хүүхдэдээ зориул. Гэтэл ихэнхдээ утсаа оролдож, орон дээрээ хэвтээд л зурагт үзэж, ядарснаа гайхдаг. Харин утсаа тавиад бүх анхаарлаа хүүхдэд зориулж, ярилцаж, ярихыг нь сонсох л тэдэнд хэрэгтэй. Энэ үеэр таны гар утас дуугарвал “Би хүүхэдтэйгээ аг өнгөрүүлж байна, дараа ярья” гэж хэлээд таслах хүртэл хүүхдэд үнэ энтэй. Аав, ээж надад агаа зориулж байна гэх мэдрэмж авдаг. Өдөр бүр ингэж аг гаргаж чадахгүй бол амралтын өдрийн аль нэг агийг хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлээрэй. Тэр агийг “хамгаалж”, хүүхдэдээ зориулах хэрэгтэй. Ингээд ирэхээр бусад өдөр эцэг, эх нь завгүй байсан ч хүүхэд үл хайхрагдсан мэдрэмж авдаггүй. Яагаад гэхээр хүүхдийн тархи үүнийг хүлээн авч, надтай өнгөрүүлэх аг байдаг гэдгийг мэддэг.
Хүүхдүүд багадаа сэтгэл хөдлөл, мэдрэмжээ маш их илэрхийлдэг. Айж байвал гүйгээд ирдэг. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бүх юмаа ярьдаг байсан хүүхдээ анхааралтай сонсож, дэмжиж өгөөгүйгээс өсвөр насанд нь үл ойлголцол үүсдэг. Хүүхдийн мэдрэмжүүд эсэргүүцэлтэй тулсаар байгаад өсвөр насанд ирэхээрээ том болсноо мэдрээд, таны тусламж хэрэггүй гэх хандлага, үйлдэл гаргаж эхэлдэг. Хүүхдээ аливаа донтолт, буруу замд орох вий гэж санаа зовж байгаа бол багаас нь эхлэх хэрэгтэй.
УУР БУХИМДЛЫ ГСАРНИУЛАХАД ЗУРГААН СЕКУНД ЗАРЦУУЛДАГ
-Та зүрх сэтгэлийн боловсролын талаар 10-аад жилийн өмнөөс ярьж байгаа ч дөнгөж одооноос л ерөнхий боловсролын хоёр сургуульд таны санаачилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Үр дүн нь хэзээ, яаж илрэх бол?
-Хүүхдэд сэтгэл зүйн хувьд аюулгүй орчин бүрдүүлж байж л боловсрол, төлөвшил олж авах суурийг бэлдэж өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр анх “Q кids” эцэрлэгээ зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөртэйгөөр эхлүүлсэн. Энэ зорилго маань эхлээд 100, дараа нь 500, 1000 гэж явсаар өнөөдөр бид давхардсан тоогоор 10 000 гаруй хүүхдэд хөтөлбөрөө хүргэж, хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийнхөө хүрээнд бид оюуны өмчийн эрхтэйгээр таван цуврал ном гаргаж, багш нарт сургалт явуулдаг. Харин энэ намраас НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилттэйгээр зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг нийслэлийн 131 болон 57 дугаар сургуулийн I-V ангийнханд зааж эхэллээ. Боловсролын яамнаас дэмжихээ илэрхийлж, бодлогын түвшинд хэрэгжүүлнэ гэсэнд баяртай байгаа. Аливаа зүйлийг эхэлж л байвал үр дүн гарна гэдэгт итгэдэг. Зүрх сэтгэлийн боловсролын талаар 10 жилийн өмнө намайг ярьж эхлэхэд хүмүүс ойлгодоггүй, сонсохыг ч хүсдэггүй байлаа. Одоо харин ихэд сонирхож, анхаардаг болсон. Үр дүн эхнээсээ гарч байна.
Боловсролын салбар анхан шатны хэрэгцээгээ ч хангаж чадахгүй, анги, танхим хүрэлцэхгүй байхад зүрх сэтгэлийн боловсрол, хөтөлбөр нь дараагийн асуудал гэж зарим хүн ярьдаг. Би үүний эсрэг бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл, бид анхдагч хэрэгцээгээ хэзээ хангаж дуусах вэ, тэр болтол хүүхдүүд зүрх сэтгэлийн хувьд хаалттай өсөх үү. Хөтөлбөр, арга зүй нь бэлэн учраас багш, анги, танхимд түшиглэн хэрэгжүүлэх боломж бий. Энэ хөтөлбөр нь хүнээс хол зүйл биш. Хүн бүр зүрх сэтгэлтэй шүү дээ. Гэхдээ үүнийг шинжлэх ухаанч байдлаар хөтөлбөртэй, заах арга зүйтэйгээр нэвтрүүлсэнд л бидний онцлог, давуу оршиж байгаа юм. Цэцэрлэгээсээ зүрх сэтгэлийн боловсролтой болсон хүүхэд эцэг, эхдээ зааж сургаж байна. Тухайлбал, ээж нь гунигтай байхад хүүхэд нь очоод “Ээж ээ, би таны гунигийг үргээгээд, хайрын сагсыг чинь дүүргээд өгье” гээд тэврэх жишээтэй. Ээж гунигтай байгааг хүүхэд анзаарчихсан, тэврээд хайраар дүүргэж өгөхийг ойлгоно гэдэг том зүйл. Уур бухимдлыг баяр баясгалантай, таатай мэдрэмж рүү хөрвүүлэхэд ердөө зургаахан секунд л зарцуулдаг. Тэрний учрыг ойлгоод мэдрэмж, бодол, үйлдлээ өөрчлөхөд суралцах зэвсэг нь зүрх сэтгэлийн боловсрол юм.

-Зүрх сэтгэлийн боловсролыг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн улс оронд гэмт хэрэг багассан талаар та ярьсан байсан. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сайн үр дүн гарсан жишээхэлж өгөхгүй юү?
-Улс орон бүр зүрх сэтгэлийн боловсролыг өөрөөр нэрлэдэг бөгөөд зарим нь сэтгэл хөдлөл, нийгэмшихүй, суралцахуй, өөрөө өөрийгөө таньж мэдэхүй гэх зэргээр хөтөлбөртөө тусгасан байдаг. Тухайлбал, Дани, Финландад эмпати буюу бусдыг ойлгох нинжин сэтгэл гэдгээр хөтөлбөр боловсруулж, долоо хоногт нэг удаа хичээл ордог. Зүрх сэтгэлийн боловсролын талаар зааснаар хүүхдийн сурлагын амжилт 18 хувь дээшилдэг гэсэн судалгаа бий. Мөн үе тэнгийн дээрэлхэлт буурдаг, бие биеэ хүндэлдэг ойлгодог болдог. Бусдыг ойлгоод ирэхээр бусдад муухай хандаж чаддаггүй. Хүн ер нь сэтгэл зүйн хувьд тайван, амгалан, чөлөөтэй газар байх дуртай. Тухайн сургууль нь ийм орчин бүрдүүлсэн бол хүүхдүүд дуртай сурдаг.
Би багадаа эцэрлэгт явах дургүй хүүхэд байлаа. Цэцэрлэгт явахаас айдаг, өдөртөө ер унтдаггүй. Яагаад явах дургүй байснаа мэддэггүй ч тэр мэдрэмжийг ер мартаагүй. Хүүхэдтэй болсны дараа энэ асуудалтай нүүр тулсан. Хүүхдүүд минь бас эцэрлэгт явахгүй гэж уйлахад хэцүү байлаа. Ер нь эцэрлэг гэж ийм л байдаг юм гэсэн ойлголттой. Тэгээд 2013 онд гэр бүлээрээ АНУ-д сан юм. Тэнд хүүхдүүд минь эцэрлэг, сургуульдаа их баяр хөөртэй явдаг болсон. Яагаад ийм ялгаатай байгааг анзаарахыг хүслээ. Тэгсэн хүүхдийн сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрдөг орчин л байсан. Өөрөөр хэлбэл, уйлах, уурлах, өөрөөрөө байхыг нь хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Тийм орчинд хүүхэд өөртөө итгэлтэй, нээлттэй, суралцах хүсэл тэмүүллээр дүүрэн болдог юм билээ. Охин минь англи хэл мэдэхгүй хэрнээ аз жаргалтай, хүүхдүүдтэй ойлголцож байгааг хараад гайхсан. Хоёрдугаар ангийн хүүхдэд маань дөрвөн настай, эцэрлэгийн хүүхдийн хичээл зааж байсан. Тэр багш хоцрогдолтой гэдгийг нь мэдрүүлэхгүйгээр охиныг маань сургаж байлаа. Хэдхэн сарын дотор охин минь ямар ч давтлага авахгүйгээр үеийнхнээ гүйцээд ирсэн. Боловсролыг хүнлэгээр харах хэрэгтэйг тэр үед ойлгосон. Хүүхдийг эхлээд сэтгэл зүйн хувьд тайван, өөртөө итгэлтэй, өөртөө хайртай, би хийж чадна гэсэн хүсэл тэмүүлэлтэй болгочихвол дараа нь юу ч заасан сурч чаддаг юм билээ. Боловсрол бол зөвхөн сурах биш, соёл, тархины хөгжил, сэтгэл судлал, эрүүл мэнд хүртэл хамааралтай. Эрүүл хүүхэд аливааг сурна. Хүмүүс зүрх сэтгэлийн боловсрол гэхээр тархитай хамааралгүй гэж ойлгодог. Гэтэл энэ нь тархины хөгжлийн нэг хэлбэр. Тархины гүйцэтгэх үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг болох өөрөө өөрийгөө удирдах, бусдын өнцгүүдийг ойлгох, дүрэм, журам, төлөвлөгөөний дагуу шийдвэр гаргах чадварыг зүрх сэтгэлийн боловсролоор дамжуулж хөгжүүлдэг юм.