Манай улс 2023 онд Засгийн газрын тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх есөн төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Ингэснээр манай улс халдварт саа өвчнийг устгаж, мөн сахуу, хөхүүл ханиад, нярайн татран өвчин сүүлийн 20 гаруй жил бүртгэгдээгүй буюу хяналтдаа авсан здэг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог А вируст гепатитын өвчлөл эрс буурсан хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн хэлсэн.
Мөн умайн хүзүүний халдварын эсрэг вакциныг 2024 оноос эхлэн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар вакцины хамрагдалт 37.6 хувьтай байгаа нь зорилтот түвшинд хүрээгүй үзүүлэлт аж. Иймд ХӨСҮТ-өөс дархлаажуулалтын чиглэлээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэжээ. Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн, сургууль цэцэрлэгийн эмч, хороодын хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөл 265 хүнийг сургалтад хамруулан гэрчилгээ олгосон гэнэ. Тэд иргэдэд вакцины талаар үнэн, зөв мэдээлэл хүргэж, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах аж.
Ташрамд, дэлхий дахинд сүүлийн 50 жилийн хугацаанд товлолт дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлснээр 154 сая хүний амь аварсан гэж үздэг байна. Үүний 94 сая буюу 60 хувь нь улаанбурхан өвчний улмаас эндэхээс сэргийлсэн, нярайн эндэгдлийг багадаа 40 хувь бууруулсан ажээ.
Ч.Болор