Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форумыг манай оронд анх удаа зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус форумд Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон гишүүн орнууд, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн 700 орчим төлөөлөл оролцож буй юм. Энэ удаагийн форум нь манай улс болон Европын холбоо хоорондын бодит хамтын ажиллагааны шинэ төслүүдийг танилцуулан, дараагийн шатанд шилжүүлэх боломжийг нээж буйгаараа онцлогтой. Мөн энэ үеэр манай Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банк хооронд цэвэр эрчим хүч рүү шилжихэд зориулан нэг тэрбум хүртэлх еврогийн санхүүжилт олгох санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь дижитал шилжилт, уур амьсгал, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд голчлон төвлөрч, Монгол орны ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болохыг Эдийн засаг, хөгжлийн яамныхан онцолж байна.
Тус форум нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, стратегийн түншлэлийг бэхжүүлэн, тогтвортой хөгжлийн зорилгод суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.
Ташрамд дурдахад, манай улс Европын хөрөнгө оруулалтын банктай 2014 оноос хойш хамтран ажиллаж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт авчээ.
У.Сүрэн